УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас эхлэн хэлэлцэв. Даваа гарагт эл хоёр хүний өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүн, шүүхээс татгалзаж, элдэв шалтаг эрэлхийлсэн ч шүүгчдийн зөвлөгөөнөөс үндэслэлгүй гэж дүгнэснээр гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг мягмар гарагт эхлүүлсэн.
Өмнөговь аймгийн Цогтцэций дэх Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд албан тушаалаа урвуулан давуу байдал олгосон гэж тэднийг буруутган “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгасан юм. Тодруулбал, говийн эмзэг хөрстэй, байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрдөг 407 км шороон замаар БНХАУ-ын “Страто” ХХКийн нүүрс угааж баяжуулах үйлдвэр лүү З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийн “Их дэлгэмэл ингүүн” компанийнхан даац нь хэтэрсэн машинаар нүүрс тээвэрлүүлэх зөвшөөрөл олгож давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхээ нэг бус удаа дэнслүүлж буй нь энэ.
Шороон замыг улсын чанартай болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал Б.Энх-Амгалан гаргаж, улмаар уг авто замыг хатуу хучилттай болгох нэрийн дор хууль зөрчин “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр эзэмших эрх олгохоор шийдвэрлэн говийн эмзэг хөрстэй замаар ямар ч хориглолт, хяналтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж бүрдүүлсэн. Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа газраас хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарласнаас олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн, газрын хөрсийг эвдэж, малын бэлчээр устган, хүн, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг үүсгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм байна.
Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн ажлын таван өдөр 8536 хуудас бүхий 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. Улмаар тэдэнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй дэглэмд хоёр жил хорих ял шийтгэлээ.