Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөр төлөх хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгожээ. Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээлдэгчдэд таван жилээр олгож буй зээлийн хугацааг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар сунгах боломжтой аж.
Түүнчлэн ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор 100 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа таван жил байгааг хоёроор сунган долоо болгоход тухайн аж ахуйн нэгж жилд 8.5 сая төгрөг хэмнэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломжтой аж. Энэхүү хэмнэлт нь худалдан авалт, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй гэнэ. Нөгөөтээгүүр, улсын хэмжээнд 82 562 нь жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 1294 компани нь 195.7 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй гэнэ. Зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14.5 тэрбум төгрөгөөр буурах ч 4917 ажлын байр нэмэгдэх боломжтой аж. Тиймээс зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж буйг тус яамнаас мэдээллээ.

С.Дулам