Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь удирдах албан тушаалтны манлайлалгүй байдал, улс төрийн нөлөө гэж тодорхойлогдсоныг “Төрийн албан дахь ёс зүйн зөрчил” хэмээх 2025 оны судалгааны дүнгээс харж болно. Улс төрийн орчны нөлөөлөл нь төрийн албанд ёс зүйн зөрчил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд Ёс зүйн дэд хороод болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоо хангалтгүй байгаа нь энэ талын бодлого бодит үр нөлөөтэй хэрэгжихэд сул тал болдог байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны ёс зүй нь зөвхөн хууль тогтоомж мөрдөхөөр хязгаарлагдах ойлголт бус, харин хувь хүний ухамсар, байгууллагын соёл, харилцааны хэв маяг, үнэт зүйл, удирдлагын манлайлалтай уялдсан, институцийн шинжтэй өргөн хүрээтэй ойлголт юм. Иймд Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж, хараат бус байдал, эрх зүйн статус, чадавхыг бэхжүүлэх замаар институцийн тогтвортой бүтэц болгон төлөвшүүлж, урьдчилан сэргийлэх, зөвлөх чиг үүргийг нь бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг Ёс зүйн хорооны шинэхэн судалгааны үр дүн харуулжээ.
Төрийн албан дахь ёс зүйн зөрчил нэмэгдэхэд үлэмж “хувь нэмэр” оруулж буй Монголын улс төрчдөд ичих булчирхай үнэхээр алга. Алдаа гаргасан ч үл тооно, худал хэлж, хулгай хийсэн ч хариуцлага хүлээхгүй, олны итгэлийг хөсөрдүүлж, нийтийн эрх ашгийг хөндөхдөө гэмшихгүй, хүн зодож, хууль зөрчсөн ч тайлбар өгөх шаардлагагүй мэт аашилна. Ашиг сонирхлын зөрчил илэрсэн ч “мэдээгүй” гэж мэлзэнэ. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь ил болбол “Тухайн үед энэ хуульд ийм заалт байсан тул би хууль зөрчөөгүй” гэнэ. Хүүгийнх нь тансаглал, бэрийнх нь сүйн бөгж, тансаг брэндийн цүнхний “хэрэг” дэлгэгдвэл “Худын маань бэлэг, хүүгийн минь хувьцаа эзэмшдэг компанийн бизнес” гэх мэтээр төөрүүлж, булзааруулна. Гол нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, эсэх асуулт манайд огт тавигддаггүй нь гаж. Яван явсаар энэ бүхэн нь ганц нэг хүний ёс суртахууны доголдол биш, харин системийн хэмжээний халдварт “тахал” болов. Өнгөрсөн жил улсын хэмжээнд төрийн төв болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх 253 ёс зүйн дэд хороонд 520 гомдол, мэдээлэл ирүүлснээс 53 нь сахилгын, зөрчлийн, гэмт хэргийн шинжтэй байсан тул холбогдох байгууллагад шилжүүлжээ. Зөрчил гаргасан нь тогтоогдсон төрийн 195 албан хаагчийн 133 нь томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр, 34 албан хаагч ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээсэн байна.
Ардчилсан нийгэмд улс төрч хүн бол ард олны итгэлийг хүлээж сонгогдсон, нийтийн эрх ашгийн төлөө бодлого, шийдвэр гаргаж, түүнийг бодитоор хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан юм. Тийм ч учраас улс төрчийн ёс зүй нь энгийн иргэнийхээс хавьгүй өндөр байх ёстой. OECD болон НҮБ-ын холбогдох баримт бичгүү дэд тодорхойлсноор улс төрч, нийтийн албан тушаалтанд тавигддаг ёс зүйн суурь зарчим нь олон нийтийн эрх ашгийг дээдлэх, шударга байх, хариуцлагаа ухамсарлах, хүлээх чадвар, ил тод байдал, хуульд захирагдах ёс, мэргэжлийн ёс зүй, хүндэтгэл зохистой байдал гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад улс төрчийн ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг хувь хүний оюун санаа, хүмүүжил, хандлагад нь найдаад орхих биш, хяналт-хариуцлагын хатуу тогтолцоогоор шахаж гүйцэлдүүлдэг номтой. Жишээ нь, Британид парламентын гишүүд, сайд нар нь ёс зүйн кодоо зөрчвөл улс төрийн карьераа шууд өндөрлүүлэхэд хүрдэг. Худал мэдээлэл өгсөн нь батлагдвал албан тушаалаасаа огцрох бол тэнд хэвийн үзэгдэл. Скандинавын орнуудад ялимгүй жижиг зөрчил дээр ч олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн гэж үзвэл албан тушаалаа өчиггүй өгөх жишиг тогтсон. Япон, Солонгост улс төрч дийн ёс зүй ямархуу түвшинд байдгийг бид бэлээхэн мэднэ.
Монголд нийтийн албан тушаалтанд тавигддаг ёс зүйн суурь зарчмууд зүгээр л тунхаг төдий болж хувирсан. Үнэндээ манай улс төрчид ичихээ больсон юм биш, нэрэлхэж эмээх, шаардлагагүй “чөлөөт бүс”-д ажиллаж, засаглаж байна. Хариуцлага нэхдэггүй нийгэм, хариуцлага тооцдоггүй нам, хариуцлага хүлээлгэдэггүй институцийн дунд ичих булчирхай гэдэг “эрхтэн” тэдэнд хэрэггүй болжээ. Манайд парламент дэргэдээ ёс зүйн хяналтын бүтэцтэй ч бодит байдал дээр хяналтаа тавьж, хариуцлага тооцдог, эсэх нь эргэлзээ төрүүлдэг. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Ёс зүйн дэд хорооны статистик нь хүртэл ил тод биш байна. Өргөдлийн байнгын хороонд энэ оны эхний улирлын байдлаар 96 өргөдөл, гомдол ирүүлснээс 59-д нь (Орон сууцын компаниудын залилан, луйвартай холбоотой хамгийн олон өргөдөл байна) хугацаанд нь хариу өгсөн гэнэ. Харин Ёс зүйн дэд хорооны хувьд жилд хэдэн гомдол ирж, хэд нь хариуцлага болж хувирдгийг олон нийт мэдэх боломж хязгаарлагдмал хэвээр. Энэ бол улс төрчдийг айлгаж ичээх бодит хариуцлагын систем ил тод ажиллахгүй байгаагийн илрэл гэхээс өөр үндэсгүй.
Энэ парламентын хамгийн овлигогүй, “харанхуй”, бүдүүлэг гишүүдийн нэг М.Нарантуяа-Наратай холбоотой 48 өргөдөл, гомдлыг Ёс зүйн дэд хороогоор энэ сарын 7-нд хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгээр ахлуулсан тус дэд хороо нь О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Номин, Ө.Шижир, Д.Энхтуяа гэсэн найман гишүүнтэй бөгөөд тэр өдөр хоёроос бусад нь хуралдаа ирээгүйн улмаас Нарагийн ёс зүйн зөрчлийг дэнслэх хурал цуцлагджээ. УИХ-ын гишүүн бизнесийн зорилгоор бараа бүтээгдэхүүн сурталчилж, орлого олох ёсгүй учраас М.Нарантуяа-Нарагийн хувьд өмнө нь “сануулах” арга хэмжээ авч байсан боловч хуулийг үл тоосон хэвээр. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаа суудаггүй, байнга ажлаа тасалдаг Х.Баттулга зэрэг гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох асуудал өнгөрсөн жил ганц удаа сөхөгдсөн боловч хамгийн “хүнд ял”-ыг түүнд оноож, гурван сар цалингийн 20 хувиар нь торгосхийгээд аргалсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т “гишүүн нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан мэдээнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас ирцийг гишүүн тус бүрээр, өдөр, цаг, минутаар олон нийтэд мэдээлдэг болсон. Гэтэл чуулганы хуралдаандаа суудаггүй, улс орны болоод ард олны эрх ашигтай холбоотой хууль, тогтоолын хэлэлцүүлэгт огт ач холбогдол өгдөггүй, “том толгойтой” зарим гишүүн “Та нар ямар санаа зорилготойгоор миний ирцийн мэдээллийг олон нийтэд дэлгэж байгаа юм” хэмээн Тамгын газрынхныг зандарсан тохиолдол ч гарсан гэдэг. Нийтийн эрх ашгийг хээвнэг хойш тавьчхаад өөрсдийнх нь “амин тус” газарт хамаатай асуудалд болохоор хойргошоохгүй, гадаад томилолтоос дөрөө мултлав уу, үгүй юү шууд чуулганы танхим руу хар гүйхээрээ ирж, хонон өнжин хуралддаг ийм л төрийн түшээдтэй улс юм, бид. Хариуцлагагүй эрх мэдэл нь ёс зүйгүй зан үйлийг өөгшүүлдэг. Нийтийн албан тушаалтнууд, улс төрчдөөс ёс зүйн хариуцлага нэхэж, шаардах учиртай сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан ч тэдний пиарын “махны машин”-д өөрсдөө гүйгээд орчихсон нь гутармаар.
Ил тод байдал болон хяналт-хариуцлагын механизм нь ёс зүйн зөрчил үүсэх, давтагдах, эсэхийг тодорхойлогч институцийн гол хөшүү рэгт тооцогддог. Харин манай УИХ-ын Ёс зүйн дэд хорооныхон “Бид иргэдээс, эсвэл УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд л асуудлыг авч хэлэлцдэг” гээд парламентын гишүүдийн ёс зүйгүй үйлдэлд анхаарах, хариуцлага тооцохдоо тун хойрго ханддаг талтай. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Д.Ганмаа гишүүн Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өөрийг нь хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн хэмээн гомдол гаргасны дагуу дээрх асуудлыг хэлэлцсэнийг эс тооцвол 2019 оноос хойш Ёс зүйн дэд хорооныхон тоймтой “ажил” хийгээгүйг парламентын албан ёсны цахим хуудас дахь өөрсдийнх нь мэдээллээс харж болно. УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаныхан ажлаа дутуу хийсэн үү, эсвэл парламентын Ёс зүйн дэд хорооныхон “гишүү дийн ёс зүйтэй холбоотой ямар өргөдөл, гомдол ирүүлснийг нууцал, хариуцлага тооцсон тухай мэдээллийг бүү нийтэл” гэсэн үү, мэдэхгүй юм.
Ямартай ч 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр Ёс зүйн дэд хороогоор УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарыг хуралдааны дэг зөрчсөн асуудал, мөн “Бид уучлахгүй” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлого эрс өссөнтэй холбоотой өргөдлийг хэлэлцсэн боловч “гишүүдийн олонхын саналаар дахин хуралдаж эцэслэхээр хойшлууллаа” гээд тэр чигтээ мартагнуулж байв. Монголд улс төрийн институцийн хариуцлага сул бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэх үйл явц удаан болохоор тэгж ингэсхийж явтал хэрэг нь замхардаг. Загасны ой санамжтай сонгогчид гишүүд, сайд, дарга нарын өмнөх хууль бус үйлдлүүдийг мартахдаа хурдан учраас намууд ёс зүйн зөрчил гаргасан нэгнээ дахин нэр дэвшүүлэх нь хэвийн үзэгдэл. Хууль тогтоох дээд байгууллагынхаа дэг, ёс зүйн дүрэм журмыг уландаа гишгэдэг М.Нарантуяа Нара, Х.Баттулга тэргүүт гишүүддээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооныхон хоёр жилийн турш зууралдаад бодит хариуцлага тооцож чадаагүй л байна. Ийм нөхцөлд төрийн албаны ёс зүйн зөрчлийг бодитоор бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээ нь зөвхөн хувь хүний ухамсар, сургалт зэрэгт төвлөрөх бус, удирдлагын ёс зүйн манлайллыг бэхжүүлэх, улс төрийн нөлөөллийг хязгаарлах, ил тод байдал болон хяналт-хариуцлагын механизмыг үр дүнтэй ажиллуулах, олон нийтийн оролцоонд суурилсан хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зэрэг системийн түвшний цогц хандлагад тулгуурлах шаардлагатай байгааг судлаачид зөвлөж буйг анхаармаар.
Л.Аргамжин