Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг нэмэх, нийгмийн баталгааг хангахыг шаардан тайван жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд Улаанбаатараас гадна Ховд, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн үйлдвэрчний эвлэлийн 17 хорооны 320 гаруй гишүүн, ажилчин оролцжээ. Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын тарифын хэлэлцээрээр дээрх холбооны зүгээс салбарын ажилтан, ажилчдын цалинг багадаа 30 хувиар нэмэх, цалин тооцох итгэлцүүрийг хууль, журмын хүрээнд нийцүүлэх шаардлага тавьсан ч үр дүнд хүрээгүй аж. Түүнчлэн гуравдугаар зэрэгтэй ажилтнууд татвараа суутгуулсан дүнгээр 1.5-1.8 сая төгрөгийн цалин авч буй нь амьдралд нь огт хүрэлцдэггүй, мөн хүнд хортой, аюултай, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэдгийг жагсаалд оролцогчид онцоллоо. Цалин бага, ажлын нөхцөл муу, аюултай учраас ажилд орох хүн олдохгүй, хүний нөөц дутагдалтай, илүү цагаар ажиллах тохиолдолд ч элбэг байдаг гэнэ. Тиймээс эл асуудлыг яаралтай шийдэж, цалин нэмж, нийгмийн баталгааг хангахгүй бол улмаар ажил хаялт зохион байгуулахаа дээрх холбооноос мэдэгдэв.
С.Цэрэн