Тэрэлжид хаваржиж буй нэгэн айлын хоёр настай хүүхэд алга болж, олон нийтийн сүлжээнд зургийг нь тавин өнгөрсөн баасан гарагт эрэн хайж байв. Хэдийгээр Налайх дүүргийн нутаг, Тэрэлжээс хүүхэд алга болсон хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Зүр хүзүүний гарам гэх газарт тухайн айл нутаглаж байсан аж. Аав нь ажилдаа явж, ээж нь Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүү өвөөтэйгөө гэртээ үлдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч тухайн өдөр өвөөгөө зүүрмэглэх хооронд гэрээсээ гарснаас хойш сураггүй болсон бөгөөд онцгой байдлын албаныхан, орон нутгийн иргэд хамтран гэрийнх нь ойр орчимд эрэн хайгаад баасан гаргийн 18.00 цагийн үед цогцсыг нь олсон байна. Төв аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж үзлэг хийхэд гэрээсээ 300 орчим метр зайтаа газарт хайлсан цасны тогтсон усанд унаж эндсэн нь тогтоогджээ. Тиймээс бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.
Г.Орчлон