- Нийслэлд эзэнгүй 160 мянган нохой, муур байна-
Хүмүүс бидэнд дөрвөн хөлт найзууд маань амьдралын нэгээхэн хэсэг, магадгүй түр зуурын зугаа мэт санагдаж болох ч тэдний хувьд эзэд нь бүхий л амьдрал нь юм. Алганд багтах гөлөг байхаасаа л анхны дулаан мэдрэмжийг эзнээсээ авсан бяцхан амьтан ажлаасаа ирэхийг тань хаалганы цаана хэдэн ч цагаар хамаагүй тэвчээртэй хүлээдэг. Гунигласан үед чимээгүйхэн дэргэд ирж хэвтээд, сэтгэлийг тань хуваалцана. Тэд биднээс үнэтэй байшин, чанартай хувцас нэхдэггүй. Ердөө жаахан хоол, дулаан хэвтэр, бас хэзээ ч орхихгүй байх амлалтаа биелүүлэхийг л хүсдэг билээ.
Дэлхий дахинд улс үндэстний соёл иргэншлийн түвшнийг сул дорой хэсэгтээ, тэр дундаа өөрийгөө илэрхийлэх чадваргүй амьтдад хэрхэн хандаж буйгаар нь хэмждэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл 160 мянга орчим амьтан гудамжаар нь эзэнгүй тэнүүчилж, тэднийг хоморголон устгахад олон тэрбум төгрөг “цацдаг” өнөөгийн Улаанбаатар энэ хэмжүүрт шууд бүдрэх нь лавтай. Амьтныг тоглоом мэт үзэж, нялхад нь өхөөрдөж авчхаад, уйдахаараа гудамжинд гаргаж хаях нь Монголд энгийн үзэгдэл болжээ. Уг нь бид эрт үеэс амьтантай зөв харьцаж, хайрлан энэрч ирсэн уламжлалтай ард түмэн. Нялх хурга, ишгээ дааруулахгүйн тулд гэртээ оруулан, угжиж, хайрладаг байсан энэрэнгүй сэтгэл өнөө цагт алсарч, эсрэгээрээ гэрийн тэжээвэр амьтнаа зодож тарчлаан, үл хайхардаг хэрцгий хүмүүс цөөнгүй болжээ.
БУУДАЖ УСТГАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН Ч 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ
Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах нь нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай ч холбоотой. Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчийн үлгэр болоод байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 4810 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь нь нийслэлд бүртгэгджээ. Улмаар нохойд хазуулсан хүмүүсийн 48.3 хувь буюу 1778 нь 0-19 насны хүүхдүүд байсныг ГССҮТ-өөс мэдээлсэн. Харин энэ оны эхний хоёр сард 597 хүн нохойд хазуулснаас 250 нь 0-18 насных аж. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хэрэгжилт нь хангалтгүй, хяналтын механизм сул. Мөн амьтдыг бүртгэж, чипжүүлэх ажилд хэт хойрго хандаж буй нь хариуцлага алдсан эзэнд торгууль ногдуулах боломжийг хязгаарлан хэвээр байгаа юм.
Гэрийн тэжээвэр амьтны тухай есөн бүлэг 42 зүйл бүхий хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийг боловсруулахдаа эзэнгүй амьтад хүн хазаж гэмтээсэн тохиолдол, тэднийг харгисаар устгаж, хөрсөнд булах замаар байгаль орчны бохирдол үүсгэж буй асуудлыг цогцоор нь шийдэхээр тусгасан юм. Ингэхдээ амьтан асран хамгаалагч 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн амьтныг хоол хүнс, орон байраар хангах санхүүгийн боломжтой, сургалтад хамрагдах зэрэг тодорхой шаардлагыг хангах ёстой. Мөн нохой, муурыг төрснөөс хойш 50 хоногийн дотор бичил чип суулгуулж, харьяа дүүрэг, хороонд бүртгүүлэх, галзуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгалтад улирал тутам хамруулан, үржил хязгаарлах мэс ажиллавар хийлгэхийг нарийвчлан заасан. Бас нохой, муурыг байнга уяж, хөдөлгөөнийг нь хязгаарласан орчинд хорих, хараа хяналтгүй орхин, өлсгөж, харангадуулсны улмаас үхэлд хүргэх, үр төлийг 60 хоногийн дотор эхээс нь салгахыг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.
Түүнчлэн тус хуулийн дөрөвдүгээр бүлгийн 12.2.1-д амьтандхаргис хэрцгийаргахэрэглэхгүй байх, 12.4-т эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно гэж заажээ. Гэтэл бодит байдалд эл хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Хотын дарга Х.Нямбаатар болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал, захирамжаар өнгөрсөн онд онцгой байдал, цагдаагийн байгууллага, нийслэлийн ЗДТГ-ын 1000 гаруй албан хаагчийг амралтын өдрөөр нь эзэнгүй нохой, муурыг үргээж барих ажилд дайчилсан нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай” А/357 дугаар захирамж болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний “Эзэнгүй нохой, муур барих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” А/50 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эл ажлыг зохион байгуулсан юм. Түүнчлэн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахаар 2025 онд төсвөөс 1.3 тэрбум орчим төгрөг төсөвлөж, нийслэлийн дөрвөн дүүрэгт тендер зарласан байдаг. Сонгинохайрхан дүүрэгт 642, Баянзүрхэд 450, Баянголд 245, Хан-Уул дүүрэгт 143 сая төгрөгийн тендер тус тус зарласан байна. Өөрөөр хэлбэл, буудаж устгахыг хуулиар хориглосон ч бодит байдалд их хэмжээний төсвийг урьдын адил ямар ч үр ашиггүй, түр аргацаасан ажилд зарцуулсаар буй нь үүнээс тод харагдана. Энэ жишгээр цааш үргэлжлүүлбэл дахин хэдэн амьтныг хэрцгийгээр хоморголон устгахыг тааварлашгүй.
НЭГ ЭМ НОХОЙ ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР 512 БОЛЖ ҮРЖДЭГ
Нэг эм нохой жилд дунджаар 16 гөлөг төрүүлдэг гэж үзвэл тэдгээр нь цааш хяналтгүй үржсээр ердөө гурван жилийн дотор 512 болж өсөх боломжтой. Мөн олон улсын “SpayUSA” байгууллагын судалгаагаар нэг хос нохой (эр, эм) зургаан жилийн дотор 67 мянга, харин дунджаар 14 насалдаг гэж тооцвол амьдралынхаа туршид 100 гаруй мянга болтлоо үржих магадлалтай аж. Тэгвэл муурын хувьд үржих чадвар нохойныхоос харьцангуй өндөр. Эм муур жилд дунджаар 3-4 удаа үржилд орж, нэг удаадаа 6-8 зулзага гаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, жилд 24 орчим зулзага “үйлдвэрлэнэ” гэсэн үг. Хамгийн гол нь муурын зулзага зургаан сартайгаасаа эхлэн үржилд орох чадвартай тул тэдний тоо толгой “гинжин хэлхээ” мэт асар хурдацтай нэмэгддэг аж. Ингээд тооцохоор нэг эм муур гуравхан жилийн дотор 11 800 болж үрждэг байна. Тиймээс энэ “гинжин хэлхээ”-г зогсоох шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн энэрэнгүй арга нь үржил хязгаарлах мэс ажиллавар (спей) юм. Спей нь тухайн амьтны нөхөн үржихүйн эрхтнийг авах замаар үр төл гаргах боломжийг хязгаарлаад зогсохгүй дааврын тэнцвэрт байдалд нөлөөлж, орооны үед илэрдэг стрессийг саармагжуулдаг гэнэ. Мөн урт наслахад нь ч эерэг нөлөөтэй.
БРИТАНИД АМЬТАНД ХАРГИС ХАНДВАЛ ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амьтны эрхийг хамгаалах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд маш нарийн зохицуулсан байдаг. Хорвоо ертөнц дөрвөн хөлт найзууддаа хандах хандлагаа өөрчилж, дэлхийн том брэндүүд ч амьтны арьсаар бүтээгдэхүүн хийхээс татгалзах болсон. Тухайлбал, ХБНГУ-д Амьтныг хамгаалах тухай хуулийг чанд мөрддөг бөгөөд амьтан тэжээх нь тансаг хэрэглээнд тооцогддог тул эзэд нь жил бүр татвар төлдөг. Энэхүү татварын орлогыг эзэнгүй амьтдын асрамжийн газруудыг санхүү жүүлэхэд зарцуулдаг аж.
Нидерланд улсын хувьд гудамж талбайдаа эзэнгүй нохойгүй болсон дэлхийн анхны орон юм. Тэд амьтдыг устгахын оронд “Барих-хөнгөлөх-вакцинжуулах-буцаах” (CNVR) хөтөлбөрийг үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн. Үүнээс гадна дэлгүүрээс үүлдрийн нохой худалдаж авахад маш өндөр татвар ногдуулж, харин асрамжийн газраас амьтан үрчилж авбал татварын хөнгөлөлт үзүүлдэг бодлого нь үр дүнгээ өгсөн юм. Харин Британи улс дэлхийд анх удаа амьтны эрхийг хамгаалах хуулийг 1822 онд баталсан арвин туршлагатай. Тус улсад амьтанд харгис хандсан этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял оноох хатуу шийтгэл хүлээлгэдэг төдийгүй тухайн хүнд насан туршдаа дахин амьтан тэжээх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Мөн АНУ-д Холбооны мөрдөх товчоо (FBI) амьтны эсрэг хүчирхийллийг хүн амины хэрэг, дээрэмтэй адилтган нийгмийн эсрэг гэмт хэрэг гэж бүртгэх болжээ. Учир нь амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэгч нь цаашид бусдын амь, эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлтэй болохыг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг.
Швейцарт гэхэд нийгмийн шинжтэй амьтдыг (далайн гахай, тоть) ганцааранг нь тэжээхийг хуулиар хориглодог бөгөөд зарим үүлдрийн нохой тэжээхийн тулд эзэн нь заавал онолын болон практик сургалтад сууж, шалгалт өгч байж, зөвшөөрөл авдаг тогтолцоотой.
НАСАН ТУРШИД НЬ ХАЙРЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ БҮҮ ХУДАЛДАЖ АВ
Угтаа амьтад ч бидний адил өвдөж шаналдаг, айдас хүйдэст автдаг, баярлаж хөөрдөг амьд бодгаль. Тиймээс тэдэнд энэ дэлхий дээр амар амгалан амьдрах, өлсөж ундаасахгүй, хүчирхийллээс ангид байх эрх бий. Гэтэлманайд амьтны эрх гэдэг ойлголт зөвхөн амьд байх төдий хэмжээнд хязгаарлагдаж, алхам тутамд зөрчигдсөөр буй нь харамсалтай. Ялангуяа гэр хорооллын айл өрхүүд нохой, муурынхаа үржлийг хянадаггүйгээс гадна гөлөглөх үед нь гудамжинд гаргаад төөрүүлчихдэг нь эзэнгүй амьтдын тоо толгой олшрох гол шалтгаан болсоор. Мөн сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн нохой, муур худалдан авах сонирхол эрс нэмэгддэг гэнэ. Ингэхдээ ихэнх тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдийнхээ уйдааг гаргах, түр зуурын зугаа болгох зорилгоор амьтан худалдаж авдаг. Гэвч гэрийн тэжээвэр амьтан гэдэг хэсэг зуур саатуулах амьд тоглоом биш бөгөөд хүүхдээс дутахгүй хариуцлага, насан туршийн асаргаа сувилгаа шаарддаг. Хэрэв та тухайн амьтныг амьдралынх нь эцсийн мөч хүртэл хоол хүнсээр хангаж, хайрлаж, халамжилж чадах, эсэхдээ эргэлзэж буй бол амьтан худалдаж авахаас татгалзах нь хамгийн зөв бөгөөд энэрэнгүй шийдвэр болно.
Нөгөө талаас төр засгийн оролцоо ч хангалтгүй байна. Нийслэлээс эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байрыг өнгөрсөн зургаадугаар ашиглалтад оруулсан. Тус байранд өнгөрсөн сарын байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муурыг асран хамгаалж, бүх амьтныг малын эмчийн үзлэгт хамруулснаас 62-т нь үржил хаах мэс ажиллавар хийжээ. Гэхдээ Улаанбаатар хотод буй 160 мянга орчим эзэнгүй амьтантай харьцуулахад эл асрах байрны хүчин чадал нь далайд дусал мэт, хангалтгүй үзүүлэлт юм. Ерөөс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй амьтан асрах байр гарын таван хуруунд багтах хэмжээний цөөхөн байгаа нь энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон дэд бүтэц ямар их дутагдаж буйг харуулж байна.
Э.Сүйлэн