УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар мэдээлэл хийв. Тэд дөрвөн асуудлаар мэдээлэл сонсож, байр суриа нэгтгэсний нэг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилохтой холбоотой байжээ. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Цэцээр удахгүй хэлэлцэх гэж буй. Тэгвэл АНын дарга О.Цогтгэрэл энэ талаар “Сүүлийн нэг жилд улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томиллоо. Одоо Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираах нь эрх зүйт ёсонд хэр нийцтэй вэ. Хуульд байхгүй заалтуудыг тайлбарлах замаар давуу байдал олгож, асуудлыг шийдэж байна гэж бид үзсэн. Мөн Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан. Есөн гишүүнийх нь нэг нь чөлөөлөгдсөн, дарга Г.Баясгалангийн бүрэн эрх дуусаад нэг жил болж байна. Цэцийн дарга тэнд очиж буй маргааныг гишүүдэд хуваарилдаг. Тиймээс чөлөөлөгдсөн нэг гишүүн болон Цэцийн даргын томилгоог яаралтай оруулж ирэхийг УИХ-ын даргаас шаардаж байна. Хуулийн хүрээнд маргаангүй даргатай болтол Цэцээр асуудал хэлэлцэж, шийдвэр гаргахыг зогсоох хэрэгтэй” гэв.
Түүнчлэн цэргийн албан хаагч амиа алдсантай холбоотой асуудлаар тэд мэдээлэл сонсож, нэгэн шийдвэр гаргажээ. Сүүлийн 10 жилд эх орноо хамгаалахаар явсан хугацаат цэргийн албан хаагчдаас 144 хүн эрүүл мэндээр ноцтой хохирч, 46 залуу амиа алдсан байна. Ийм байхад Батлан хамгаалахын сайд нь нэг ч удаа улс төрийн хариуцлага хүлээж байгаагүй. Тиймээс л энэ байдал гаарсан гэж АН-ынхан үзэж буй тул Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэх шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд илгээхээр болжээ.