Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэх явцад хяналт тавих, үр дүнг эргэн мэдээлэх зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүлснээ нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой аж. Уг ажлын хүрээнд хотын дарга Б.Пүрэвдагва үүрэн холбооны оператор компаниудтай өнгөрсөн баасан гарагт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Энэ үеэрээ тэрбээр “Хотын үйлчилгээ удаан, хөшүүн, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртал гаарлаа хэмээн иргэд шүүмжилдэг. Тиймээс бид иргэдийн зөвлөх, туслах нь байхын тулд маш сайн сонсож, хүсэлтүүдийнх нь дагуу үр дүн гарган ажиллах тогтолцоонд ийнхүү шилжиж байна. Тэднээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм” гэв.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “Нийслэлчүүдийн ажил, амьдралыг дээшлүүлэхэд үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин оролцож байна. Хотоос цаашид бизнесийн байгууллагынхныг сонсдог шугамтай болох санал ч дэвшүүллээ. Үүнийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн” хэмээв.
О.Оргилох