Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Парламентад хоёр дахиа Төв аймаг болон төвийн бүсээс сонгогдон ажиллаж буй Ц.Туваан гишүүн эмч мэргэжилтэй нэгэн аж. Гэхдээ хувь заяа түүнд эмч биш, “намчин” хийх амьдрал оноосон бололтой. 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх байсныг нь эс тооцвол тэрбээр энэ салбарт огт ажилласангүй. 2000-2005 онд “Эрэг нэг” хэмээх ХХК үүсгэн байгуулж ажиллаж байснаа 2012 онд АН сонгуульд ялж, олонх болсон үеэс эхлээд карьер нь огцом дээшилжээ. Сайдын зөвлөхөөс тэрбээр шууд л Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд болсон байна. Гурван жил дэд сайд байснаа намынхаа эрх мэдлийн төгсгөлд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга, Төрийн банкны ТУЗ-ийн дарга хийгээд амжжээ.
2016 оны сонгуульд АН ялагдсан юм. Улмаар Ц.Туваан нам дотроо карьераа өсгөж эхлэв. Уг сонгуулийн дараа буюу 2017 онд С.Эрдэнэ намын дарга болоход “гол дүр” маань ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан. 2020 оны сонгуульд ч АН-ынхан нар харсангүй. Дараалсан хоёр сонгуулийн ялагдлын дараа энэ намд “гүн хямрал” нүүрлэж, гишүүд нь дотроо хоёр хуваагдсан гашуун түүх бий. С.Эрдэнэ намын даргын тамгаа генсек болох Ц.Туваанд хүлээлгэж өгсөн юм. Дараагийн даргыг сонготол түр орлож бай гэсэн аж. Гэтэл өнөөх нь санаачилгыг гартаа аваад эхэлмэгц хуучин дарга нь албан тушаалаа нэхэж заргалдав. Тэд хоёр талд хуралдаж, дараачийн даргаа тодруулан, сүүлдээ хэн нь жинхэнэ вэ гэдгээ шийдүүлэхээр Дээд шүүхэд хүртэл хандаж байлаа. С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааныхан О.Цогтгэрэлийг тодруулжээ. Харин Дээд шүүх нам дотроо зөрчил, маргаанаа эхлээд шийдээд, нэг л хүнийг тодруул гэсэн “чиглэл” өгсөн байдаг.
Тэгэхээр МАН-тай тулж чадах манай улсын цорын ганц нам болох АН-ыг ийнхүү хүчгүйдүүлж, сэхээнд оруулахад Ц.Тувааны үүрэг багагүй байжээ. Түүнийг улс төрд ийнхүү өгсөхөд нь Х.Баттулгын нөлөө байсан гэж үздэг. Тухайн үедээ тамга, даргын албыг булаацалдан тэмцэлдсэний шалтгаан нь ч “даргыгаа” Ерөнхийлөгчийн сонгуульд улираан нэр дэвшүүлэх байсан гэдэг. Гэвч 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр түүнд ийм боломж олдоогүй юм.
Нам дотроо нэг иймэрхүү хор хутгаж явсан тэрбээр 2024 онд АН Засгийн газарт багтахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажилласан юм. Ер нь АН засгийн эрх барьж л байвал тэр заавал нэг өндөр албан тушаал хашдаг зүй тогтолтой. Сайд болмогцоо тэрбээр яаманд уяачид, найз нөхөд, туслахаа ажилд авч, өөрийн мэдлийн зарим агентлагт ч даргаар томилж эхэлжээ. Туслах нь байсан П.Батцацралыг Үндэсний геологийн албаны, “баруун гар” нь гэгддэг Ш.Ганхуягийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсон нь хэл ам дагуулж байв. Ш.Ганхуягийг дараа нь “Минерал эксплорейшн фандинг” компанийн мэдэлд байсан Олон овоотын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлж, хариуд нь хахууль авсан хэргээр шалгасан байна. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг холбогдуулан шалгаж буй гэсэн мэдээлэл гарсан, өнгөрсөн хаврын чуулганаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх магадлалтай ч гэж байв. Энэ хэрэг шийдэгдээгүй, шалгасаар байгаа аж.
Гэнэт л дэд сайдаар томилогдсон нэг ийм хүн АН-ын талцлын үеэр улс төрд илүү танигдсан гэхэд болно. Харин уяачдын хүрээнд бол танил нэгэн байжээ. 2024 оны хоёрдугаар сард тэрбээр Цагаан сарын босгон дээр Төрийн тэргүүнээс Алдарт уяач цол гардсан юм. Хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь харахад 400-600 тооны адуутай, нийт мал нь 1.1 тэрбумаар үнэлэгдэхүйц байж. Гэтэл 2025 оны мэдүүлгээс адуу нь алга болчхож. 237 саяар үнэлэгдэх хэдэн үхэр, хонь, ямаа л үлдсэн гэж бичсэн байна. Гишүүний сарын орлого 43.5 сая, 1.2 тэрбумын орон сууц, барилга, байгууламжтай аж.
Бүрэн эрхийнхээ эхний дөрвөн жилд тэрбээр Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай төслийг хамтран санаачилж, батлуулсан аж. 2024 оноос хойш бол Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах, Хүний эрхийн үндэсний комиссын, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын, Органик бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах төслийг бусадтай хамтран санаачилсан юм байна.