Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагаас “Хархорин” худалдааны төв чиглэлд хэрэгжүүлж буй “Дүү жин замын тээвэр” төслийн барилгын ажлууд болон механик угсралтууд дуусжээ. Өдгөө хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгыг хийж буй гэнэ. Систем тохируулах, кабелийг цахилгааны үндсэн сүлжээнд холбосны дараа туршилтыг энэ сарын сүүлчээр эхлүүлэх төлөвтэй. Ингэхдээ эхний ээлжид зорчигч суулгахгүй, кабин бүрийн 750 кг-ын даацад үндэслэн шуудайтай элс, савтай ус тээвэрлэх юм.
Дүүжин тээврийн замын аюулгүй байдлын шалгалтыг ес, аравдугаар сард үе шаттайгаар хийх бөгөөд нийт суурилуулах 98 кабины эд ангиудыг өлгүүр, хавчаарын хамт угсарч дууссан аж. Яармагийн Арцатаас “Хархорин”, “Өнөр” хороолол чиглэлийн 4.2 километр замыг дүүжин тээврээр 11 минутад, оргил ачааллын үеэр 2320 хүнийг цагт 22 км-ийн хурдтайгаар тээвэрлэхээр төлөвлөснийг албаныхан хэлсэн. Төслийг Францын Засгийн газрын 51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлээ төлж эхлэх юм.
М.Гэгээ