Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших Жаргалант гол манай улсын дотоодын аялал жуулчлалын гол бүс нутагт тооцогдох болжээ. Өнгөрсөн онд тус гол руу 30 мянга гаруй хүн аялж, орон нутагт 20 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлснийг тусгай хамгаалалттай газрын бүртгэл, мэдээлэлд тулгуурлан тооцсоныг Санхүү, эдийн засгийн их сургуулийн аялал жуулчлалын багш, судлаач Б.Мөнхтогтох хэлэв. 2026 оны эхний сард буюу аялал жуулчлал хамгийн идэвхгүй байдаг үеэр гэхэд дотоодын 7000 гаруй иргэн Рэнчинлхүмбийг зорьсон байна.
Тус гол байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт төрхөөрөө жуулчдыг татдаг. Жаргалант 50 хэмийн хүйтэнд хөлддөггүй, голын ёроолын ургамал нь мөнх ногооноороо харагддаг гэдэг. Иймд нутгийн иргэд энэ голыг амьтай хэмээн бэлгэдэж, хайрлан хамгаалдаг аж. Сүүлийн жилүүдэд Жаргалантын үзэсгэлэнт төрхийг харах гэсэн жуулчид өвлийн улиралд хоймор нутгийг зорих нь олширчээ. Уг голд түшиглэн байгалийн, дотоодын, өвлийн, тусгай сонирхлын гээд олон аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтойн сацуу хүрээлэн буй орчныг нь хамгаалах, тогтвортой менежмент хэрэгжүүлэх шаардлагатайг ч судлаачид дурдаж байна.
Н.Дүүл