Швейцарын Женев хотноо Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2026-2029 онд хэрэгжүүлэх “Global NIP Update II” төслийн нээлтийн цахим хурал уржигдар болов. Уг төсөл нь Удаан задардаг органик бохирдуулагч (POPs)-ийн тухай Стокгольмын конвенцын хүрээнд боловсруулсан Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөө (NIP)-г хянан үзэж, шинэчлэх зорилготой юм.
Энэхүү хуралд төсөлд хамрагдаж буй улс орнуудын төлөөлөгчид оролцож, хэрэгжүүлэх аргачлал, техникийн дэмжлэг болон цаашдын хамтын ажиллагааны талаар туршлага, санал солилцлоо. Манай орныг төлөөлөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга бөгөөд Стокгольмын конвенцын үндэсний зохицуулагч Г.Энхмөнх оролцов. Төслийн хүрээнд манай улсын удаан задардаг органик бохирдуулагч бодисын менежментийн өнөөгийн нөхцөл байдалд иж бүрэн үнэлгээ хийж, конвенцын шинэ шаардлагад нийцүүлэн Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах юм. Мөн химийн бодис, аюултай хог хаягдлын эрх зүйн зохицуулалтын уялдааг сайжруулж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг бууруулах тэргүүлэх чиглэлүүдийг нарийвчлан тодорхойлно.
Ташрамд дурдахад, Монгол Улс Стокгольмын конвенцын анхны Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөөг 2006 онд баталж, 2015 онд шинэчилж байжээ.
Э.Сүйлэн