Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ээс хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг, гажгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг, эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг эхлүүлээд буй. Аяны хүрээнд эрт илрүүлгийн ач холбогдлыг түлхүү таниулж, эмчилгээний сүүлийн үеийн ололт, мэс заслын тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж байна. Үзлэг, ЭХО оношилгоог УГТЭ-ийн Зүрх, судасны мэс заслын тасагт 13.00- 16.00 цагт энэ сарын 13-ныг дуустал зохион байгуулах юм. Мөн энэ үеэр зүрхний мэс заслын эмчилгээний үр дүн, Монголд хийж буй нарийн төвөгтэй хагалгааны талаар болон эмчилгээний өмнөх, дараах үеийн тусламж, үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагааг танилцуулж буй аж.
Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслыг 1958 онд хийж эхэлснээс хойш 60 гаруй жил өнгөрчээ. 1970 оноос цусны зохиомол эргэлтийн аппарат ашиглан хагалгаа хийх боломж бүрдсэн бол хоёр жилийн дараачаас зүрхний төрөлхийн гажгийг засах мэс заслыг нэвтрүүлсэн гэнэ. Өнгөрсөн хугацаанд эмчилгээний арга, технологийг хөгжүүлснээр эдүгээ зүрхний төрөлхийн болон олдмол эмгэг, тэр дундаа нарийн төвөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг эх орондоо үзүүлж байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 8-нд 2.7 кг жинтэй, 45 хоногтой, зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай нярайд мэс засал хийсэн нь амжилттай болсныг УГТЭ-ийнхэн хэллээ.
О.Ундрах