УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр нээж, Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг эхлүүлэв. Гэтэл төсвөө тодотго, ээлжит бус чуулган зарлаж хэлэлц хэмээн шаардаж байсан АН-ынхан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсноо мэдэгдлээ. Засгийн газраас төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьсан. Тодотгол болон эдгээр төсөл нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн сөрөг хүчнийхэн үзсэн юм. Ийм төслийг хүлээн авч, бас чуулганаар хэлэлцүүлэхээр зөвшөөрсөнд нь тэд УИХ-ын дарга С.Бямбацогтыг буруутгажээ.
Манай улсад УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нар хууль санаачлах, өргөн барих бүрэн эрхтэй. Ингэхдээ тэд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу тодорхой шаардлагыг хангасан төсөл боловсруулж, үүнийг нь УИХын Тамгын газар хянаад, сая нэг парламентад өргөн барьдаг. Харин хэлэлцүүлгийн шатанд нь аливаа төслийн алдаа мадгийг ажил хэрэгчээр шүүн, засаж залруулах, шаардлагатай бол санаачлагчид буцаах бүрэн эрх нь парламентад бий. Эл ажлаа хийгээгүй атлаа сөрөг хүчнийхэн “бай”-гаа оноогүй улс төр хийж эхэлжээ.
“МАНАЙ ДАРГЫН ЭЗГҮЙД ЧУУЛГАН ЗАРЛАЛАА”
АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй дөрвөн гишүүн БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад айлчлахаар өчигдөр явжээ. Гэтэл УИХын гишүүн Л.Гантөмөр “Манай даргын Хятадад хийх айлчлалтай давхцуулж ээлжит бус чуулган зарласан нь улс төрийн акц” хэмээн тайлбарлав. Гомдоод байгаа бололтой юм. “Нам болон улс хоорондын харилцаа гэж бий. Хятадын талаас наадмаас өмнө урилгаа илгээсэн, есдүгээр сарын 7-нд айлчлаач гэсэн байсан. Яагаад үүнээс өмнө ээлжит бус чуулганаа хийгээгүй юм. Тийм байхад очихгүй, манай улсын ээлжит бус чуулгантай давхацчихлаа гэж болохгүй шүү дээ” гэжээ.
Засгийн газар наймдугаар сарын 20-нд төсвийн тодотголыг өргөн барьсан. Түүнээс өмнө АН-ынхан төсвийн орлого тасарлаа, үнийн хөөрөгдлөөс иргэд, аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, тодотгол хий хэмээн шаардаж байсан юм. Улмаар Засгийн газар тодотголын төслийг оруулж ирэв. Тэгмэгц сөрөг хүчнийхэн “Яаралтай ээлжит бус чуулган зарлаж, тодотголоо хэлэлц” гэсэн. УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний аудитын газрын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт гарахад хоёр долоо хоног орчмын хугацаа хэрэгтэй, үүний дараа ээлжит бус чуулганыг товлоно гэдгээ ч хэлсэн. Тэр ёсоор эдгээр дүгнэлт бэлэн болсны дараа буюу энэ сарын 2-нд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг товлосон билээ. Парламент бол хууль тогтоох байгууллага. Түүнийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын дотоодод ямар ажил өрнөж, хэн хаанаас урьсан, хаашаа айлчлах гэж буйг УИХ бүртгээд суух үүрэггүй. Эсрэгээрээ, ээлжит бус чуулган товлох шаардлага тавихдаа АН-ынхан хугацаагаа “зааж” өгөх байж л дээ. Тэгсэн ч үүнийг харгалзах алба үгүй юм. Ер нь нэг намын даргаас болоод хууль тогтоох байгууллагын хурлыг түүний таалалд нийцүүлэх боломж үгүй. Үүнийг мэдсээр атал АН-ынхан хэнд “эрхлээд” байгаа юм. Тус нам УИХ-д 42 гишүүнтэй. Намын дарга, зарим гишүүн нь эзгүй ч үлдсэн 38 хүн нь төсвийн тодотголын хэлэлцүүлэгт ажил хэрэгчээр оролцоод, алдаа мадгийг нь засаж, шүүмжлээд суух эрхтэй.
“НЭГ НАМД ТААЛАГДААГҮЙ ГЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬ ҮГҮЙ”
Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын агуулга бол тусдаа асуудал. Улсын төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарчхаад байхад үүнийг хэрхэн нөхөх тухай биш, яавал иргэдэд таалагдах вэ гэсэн агуулгатай төсөл оруулж ирсэн нь үнэн. Засах, сайжруулах, өөрчлөх зүйл олон бий. Гэхдээ төсвийн төслийг С.Бямбацогт биш, Засгийн газраас өргөн барьсан. Тэгэхээр хууль зөрчсөн төсөв өргөн барьсан Засгийн газрын тэргүүнийг Цэцэд өгсөн бол арай логиктой болох байв. Харин сөрөг хүчнийхэн Н.Учралыг тойрч гүйгээд, огт өөр хүнийг онилсон нь хоосон улс төр хийж буйг нь илчлээд байгаа юм.
Нөгөө талаар төсвийн төсөл боловсруулж, хуулийн тодорхой хугацаанд өргөн барих нь Засгийн газарт хуулиар олгосон үүрэг. Тэд ажлаа хийж байна. Сайн, муу, эсэх нь бас л өөр асуудал. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан АН-ынхны гаргасан шийдвэрийн талаар “УИХ-ын Тамгын газар хууль санаачлагчдын бүрэн эрхэд халдах эрхгүй. Тэд УИХ-д төслөө өргөн барьснаар санаачлагчийн эрх нь дуусаж, улмаар парламентын хэлэлцүүлгийн үе шат эхэлдэг. Төсвийн тухай хуулийн төслийг ердийнхөөс арай ялгаатай буюу таван үе шаттай хэлэлцэнэ. Тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг маш чухал. Үүгээр тухайн төслийг хүлээн авах, эсэхийг санал хурааж шийддэг. Хуулийн зөрчил байна гэж үзвэл төслийг санаачлагчдад нь буцаах эрхтэй. Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг ярихын тулд холбогдох ямар заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасныг нь мэдэх ёстой. АН-ынхны шийдвэртэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцээс парламентад ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй байна” гэсэн тайлбар өгчээ.
Ээлжит бус чуулганыг нээхдээ УИХ-ын дарга С.Бямбацогт ч сөрөг хүчнийхэнд үг дайсан байна лээ. Тэрбээр Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг иргэдийнхээ орлогыг хамгаалсан хэмээн “магтаад”, “Олонх цөөнхөөрөө хуваагдсан, орлого, зарлага тойрсон хий хоосон, популист талцлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, ард иргэдийнхээ амьдралыг нэн тэргүүнд бодох цаг үе гэдгийг УИХ дахь намын бүлгүүд, гишүүддээ сануулъя. Үндсэн хуульд төрийн эрхмэдлийн хуваарилалт, хариуцлагын заагийг маш тодорхой тогтоосон. Улсын төсвийн төслийг санаачлан боловсруулж, парламентад өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин түүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, хянаж, батлах, эсэхээ шийдэх нь УИХ-ын онцгой бүрэн эрх юм. Энэ хоёр бүрэн эрхийг хольж хутгах, мөн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлах хууль тогтоомж Монгол Улсад байхгүй. Нөгөө талаар оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдэх эрх гагцхүү парламентад хадгалагдаж буйг онцлон сануулъя” гэсэн юм.
Манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 36 жилд төсвийн тодотголын төслийг хэлэлцэхээс нь өмнө ийм “хэл ам” хийж байсан түүх үгүй. Өөрөөр хэлбэл, дөнгөж л өргөн барьсан төслөөр хэн нэг албан тушаалтныг Цэцэд өгнө гэсэн удаагүй. АН-аас УИХ-ын даргатай холбоотой өргөдөл, санал гаргасан, эсэхийг Үндсэн хуулийн цэцээс лавлахад өчигдрийн байдлаар ямар ч албан бичиг ирүүлээгүй байсан юм. Хуульд байхгүй улс төр хийж буйгаа эрхбиш мэдэх тул албан ёсоор хандаж завдаагүй, “тандалт” хийсэн ч юм уу.
АН уг нь Монголын хоёр дахь том нам. Хуулийн хүрээнд, эрх, үүргээ ухамсарлан ажиллаж, төсвийн төслийг нь ажил хэрэгчээр шүүмжилж, засаж залруулахад дуу хоолой, үйлдлээ нэмэрлээд явбал улс оронд хэрэгтэй. 2025 оны төсвийн төслийг өргөн барих үед АН-аас Ж.Баярмаа гишүүн ганцаараа дуугарч, ажил хэрэгчээр хандан, эзгүйрсэн сөрөг хүчний орон зайг дүүргэж байв. Тэр үед энэ нам Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан. Харин одоо 100 хувь сөрөг хүчин. Бас тэд намрын чуулган эхэлмэгц Ерөнхий сайдыг огцруулах саналаа өргөн барихаар бэлтгэж буй. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь цэвэр пиарын шинжтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн агуулгатай байгаа нь Н.Учралаас хариуцлага нэхэх тэдний шалтгааныг тодруулж өгсөн. Гэхдээ наагуур нь ийм явуургүй улс төр хийж, өөрсдийнхөө нэр хүндийг баллах ямар хэрэг байгаа юм бол.