Энэ оны төсвийн тодотголд гэрт ойрхон сургуулийг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг хуваарилсан аж. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт зориулахаар тусгажээ. Дээрх хувийн сургуулиуд дотор Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшлийн “Их засаг кинг” багтсан хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Осор ярьсан нь шуугиан агуулсан юм. Тэрбээр өчигдөр нэмэлт тайлбар хийж, “Нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн танилцуулгад хувийн таван сургуулийг онцолж, хамтран ажиллах боломжтой гэсэн. Үүнээс “Эрдэм нова”-тай л хамтарч байгаа, тэр сургууль өөрийн байр, тоног төхөөрөмжтэй учраас төрөөс санхүүжилт шаардлагагүй. Урсгал зардал л өгнө. Ажлын хэсгээс “Их засаг кинг” сургуульд хамтран ажиллах санал тавьсан ч хүлээж аваагүй” гэжээ. Энэ талаар талуудын байр суурийг хүргэе.
Б.ЭНХМӨНХ: АЛБАН ТУШААЛАА ӨГӨӨД ШАЛГУУЛ
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг Эрүүгийн хуулийн холбогдох заалт зөрчсөн хэмээн үзэж, иргэнийхээ хувиар АТГ-т өргөдөл гаргав. Тэрбээр энэ талаар “Эрүүгийн хуулийн 2.8.1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” хэмээн заасан. Ерөнхий сайд төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ хамаарал бүхий этгээдийнхээ сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөж байсныг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын ярианаас мэдсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн дагуу Ерөнхий сайд Н.Учралыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж, өргөдөл гаргаж байна. Эрх мэдлээ ашиглан ээжийнхээ сургуульд төсвийн мөнгөөс хуваарилахаар төлөвлөж байсан нь ил боллоо. Тиймээс Н.Учрал Ерөнхий сайдын ажлаа өгч, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд, шалгуулах ёстой” гэсэн юм.
Н.УЧРАЛ: БАРИМТГҮЙГЭЭР НЭР ХҮНДЭД АЛДАЖ БАЙНА
Уг асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал “Гэрт ойрхон сургууль зохион байгуулах ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард сургуулиудад хамтран ажиллах хүсэлт явуулсан. Харин манай ээжийн эзэмшлийн сургуулиас ямар ч хүсэлт төрд өгөөгүй. Төсвөөс мөнгө аваагүй, авахаар ч төлөвлөөгүй. Настай ээж, аавыг минь бүү харлуулаач. Тэд маань насаараа боловсролын байгууллагад ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа хүмүүс. Төсвийн хүрээнд албан хаагчид ажлын төлөвлөгөө гаргасан ч юм уу, хаанаас ирүүлсэн нь тодорхойгүй файлыг үндэслэн миний болон гэр бүлийн минь алдар хүндэд халдаж буйд гомдолтой байна. Надад, манай гэр бүлд нуугаад байх зүйл үгүй. Улс төрийн явуулга хийж, харлуулах гэсэн ийм оролдлогоо зогсоох ёстой. Миний хувьд ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ямар ч сорилтыг даваад гарна, “Оюутолгой”-н ногдол ашгийг хүртээнэ. Төсвийн тодотголын төслийг УИХ-аар нээлттэй хэлэлцэж байгаа шүү дээ” гэсэн юм. Мөн тэрбээр “Их засаг кинг” сургуульд ямар ч хувь эзэмшдэггүй гэлээ.
С.Уул