АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр энэ оны улсын төсвийн тодотголын хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Б.Жаргалан гишүүн “Тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 2.2 их наяд болгосон. Төсвийг энэ чигээр нь баталбал инфляц одоогийн 13 хувиас нэмэгдэж 18 хүрнэ, хоёр оронгоос буухгүй гэдгийг Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагаас хэлж буй. Засгийн газар төсвийн бодлогоороо дамжуулан инфляцыг бууруулах ёстой атал улам хөөрөгдөж байна. Ерөнхий сайдад бүтэц, бүрэлдэхүүнээ цомхотгож, давхардсан төсөл, хөтөлбөрөө бууруулах замаар зардлыг хумих боломж бий. Мөн зардлыг нэмснээр улсын өр улам өснө. Одоогийн байдлаар 145 их наяд буюу нэг иргэнд 40 сая төгрөгийн өр ногдож байна. Мөн төсвийн төслийн нарийвчилсан задаргааг олон нийтэд ил мэдээлэх ёстой ч УИХ-ын гишүүдэд хүртэл олдохгүй, Тамгын газраас шаардаж байж тоймыг нь олж авсан” гэсэн юм.
Ерөнхий сайд “Ахмадуудаас хэдэн төгрөг харамлаж болохгүй” гэсэн пиар хийж буй. Тэгвэл танасан гэж буй 1.4 их наядаас ахмадын суурь тэтгэврийг нэмэхэд 196 тэрбум төгрөг л зарцуулна. Тэгэхээр ийм мөнгөөр халхавчилж, бусад зардлыг нэмснийг П.Батчимэг гишүүн шүүмжлэв. Мөн Засгийн газар бүсээ чангалсан гэж буй ч Ерөнхий сайдын зардал 142, ХХААХҮ-ийн сайдынх 114.9 тэрбумаар нэмэгдсэнийг гишүүд онцолсон юм.