Улсын нийслэл Улаанбаатар өдөр ирэх тусам өндөр барилга, орон сууцын хороолол, хотхоноор хүрээгээ тэлсээр байна. Гэвч барилга, байгууламж эрчимтэй нэмэгдэхийн хэрээр түүний “зүрх” нь болсон цахилгаан шатны засвар, үйлчилгээ, аюулгүй ажиллагааг хариуцах хүний нөөц хомсдож, лифтчин гэх мэргэжил үндсэндээ үгүй болоод уджээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд орон сууцын хороолол, хотхоны лифт гацаж, эвдэрч унах үед хамгийн түрүүнд арга хэмжээ авдаг хүмүүс нь мэргэжлийн засварчид бус, СӨХ-ны жижүүр, үйлчлэгч болоод байна. Оршин суугчид “Цахилгаан шат ажиллахгүй байна, уначихлаа”, “Дотор нь хүн гацчихлаа” гэх үед тэд л хаалгыг нь хүчээр хөшиж онгойлгодог, эвдрэл гэмтлийг нь торгоодог гэх.
Хэдэн арван метрийн өндөрт, давхар хооронд зорчигч тээвэрлэдэг, цахилгаан болон механикийн аалзны тор шиг системтэй уг нарийн төхөөрөмжийн аюулгүй байдлыг лифтчин, цахилгаан механикч, засварчин, ослын үеийн аврах ажиллагааны мэргэжилтэн нар хариуцаж ажиллах ёстой юм, уг нь. Гэвч мэргэжлийн хүний нөөц хангалтгүйгээс эдгээр үүргийг ихэвчлэн СӨХ гүйцэтгэдэг.
Цахилгаан шатны наад захын хэвийн ажиллагааг хангах, эвдэрсэн үед “оношилж” засах, хамгаалалтын төхөөрөмжийг тохируулах, ослын үеийн аврах ажиллагаа явуулах зэрэг нь тусгай мэдлэг, дадлага шаарддаг ажил гэсэн үг. Харамсалтай нь, манай улс лифтчнийг өмнөх нийгмийн үеийнх шиг бодлогоор бэлтгэхээ больсныхар гайгаар өнөөдөр механикийн суурь мэргэжилтэй л бол хэнийг ч хамаагүй богинохугацааны сургалтад хамруулсан болоодажиллуулах нь түгээмэл байна. Заримтохиолдолд долоо, 14 хоногийн сургалтаар лифтний ашиглалт, аюулгүйажиллагааны мэдлэг олгож, улмаар олон мянган айл өрхийн гишүүдийн эрүүл мэнд, амь насыг шууд хариуцуулдаг болж.
Ийм сургалт явуулдаг газар ч олон биш бөгөөд лифтний цахилгаан, механик системийн ажиллагааг эл богино хугацаанд таниулж, эзэмшүүлэх ямар ч боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс ч шүүмжилсээр ирэв. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрэлттэй уялдсан хүний нөөцийн бодлого алдагдсан, цөөн хэдийнхээ ур чадварыг ахиулах талд анхаарахгүй байгаа нь асуудал дагуулсаар буй юм.
Баянгол дүүргийн 28 дугаар хорооны иргэн С.Мөнхөө “Манай хотхон 2013 онд ашиглалтад орсон, нэг байр нь хоёр цахилгаан шаттай. Ашиглалтад оруулснаас хойш 10 орчим жил манай лифтийг ганцхан мэргэжилтэн хариуцаж, засаж сэлбэдэг байсан юм билээ. Би 2017 оноос СӨХ-ны Удирдах зөвлөлд ажиллаж эхэлснээр энэ тухай мэдсэн. Тэр хүн ЗХУ-д лифтчнээр суралцаж төгссөн, улсдаа урдаа барьдаг цөөн мэргэжилтний нэг байсан гэдэг. Манай хоёр цахилгаан шатны нэг нь бүрмөсөн эвдэрч, ашиглах ямар ч боломжгүйд хүрэхэд дүүрэг, нийслэлийн төсвөөр шинэ лифттэй болгоно гэж оршин суугчдыг өчнөөн жил чирэгдүүлсэн. Ганцхан лифттэй 5-6 жил болоход түүний “амыг барьчхалгүй”, аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангаж ирсэн нь лифтчний л ач гавьяа. Харамсалтай нь, гурван жилийн өмнө тэрбээр нас барж, бид лифтчингүй болж, ганц байсан цахилгаан шат маань ч гацсан. Улмаар нийслэлээс цахилгаан шатны ашиглалтыг СӨХ-дод хариуцуулахгүй гээд орон сууцын хороолол, хотхонуудын лифтүүдийг бүгдийг нь “Улаанбаатар лифт” НӨҮГ-т шилжүүлсэн. Гэтэл инженер, техникчид нь ур чадваргүй байсан уу, манай лифтийг засах нэрийдлээр бүр эвдчихсэн шүү дээ. Сүүлдээ сэлбэг ч олдохгүй байна гээд хэрэглээнээс халсан. Мэргэжлийн лифтчин, “би чадна”-чуудын ялгаа асар их гэдгийг сүүлийн 2-3 жил манай СӨХныхон яс, махандаа тултал мэдэрч байна даа. Цахилгаан шатны ашиглалтыг “Улаанбаатар лифт”-д хариуцуулсан гэх атлаа холбогдох хууль, дүрмийн дагуу СӨХ-ын мэдэлд хэвээр л байгаа” гэсэн юм.
Манай улс лифтчнийг мэргэжлийн түвшинд яагаад системтэй бэлтгэхээ болив. Цахилгаан шатны аюулгүй ажиллагааг хангах боловсон хүчин ямар мэдлэг, ур чадвартай байх ёстой вэ гэсэн асуулт урган гарна. Барилгын салбарын мэргэжлийн ажилтны тогтолцоо социализмын үед төрийн төлөвлөгөө, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн байгууллагатай уялдсан байдлаар явж иржээ. Тухайн үед барилга, нийтийн аж ахуй, үйлдвэр, тээврийн салбарын техник, төхөөрөмжийг ашиглах, засварлах мэргэжилтнийг системтэй бэлтгэдэг байсан аж. Харин зах зээлийн шилжилтийн дараа мэргэжлийн сургалтын байгууллагын бүтэц өөрчлөгдөж, олон мэргэжлийг богино хугацааны сургалтаар нөхөх хандлага нэмэгдсэний нэг нь лифтчин гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй боловч суралцагчдын тоо бага, сургалтын тоног төхөөрөмж, дадлагын бааз шаарддаг учраас үүнийг хувийн хэвшлийнхний сургалт, хэрэгцээнд түшиглэн даатгасныг багш нар учирласан юм. Тиймдээ ч мэргэжлийн ажилтны хэрэгцээг улсын хэмжээнд тооцсон хүний нөөцийн судалгаа алга.
Барилга, байгууламжийн цахилгаан шатыг эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага нь Барилгын болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм болон бусад эрх зүйн баримтыг үндэслэн хангах үүрэгтэй аж. Үүний дагуу засвар, үйлчилгээнээс бусад өдөр тутмын ашиглалтыг СӨХ хариуцаж байна. Гэхдээ дэргэдээ мэргэжлийн хүн заавал ажиллуулах дүрэмтэй. Харин тийм хүний нөөцгүйгээс СӨХ-д жижүүр, үйлчлэгч нартаа эл үүргийг ногдуулснаар осол гэмтэл гарах нөхцөл болж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж чадахгүй байгаа юм.
Иргэн Э.Туул “Хэдхэн хоногийн өмнө цахилгаан тасарсны улмаас хүүхэд минь лифтэнд гацсан. Засварчныг нь дуудах гэсэн боловч тийм хүн ажилладаггүй гэв. СӨХ-ндоо мэдэгдтэл үйлчлэгч нь төмрөөр хөшиж онгойлгосон. Гэтэл хүү минь хоёр давхрын хооронд гацсан байж таараад аюул болохоо шахлаа. Үйлчлэгч, жижүүр нар юугаа мэдэх билээ, тэгсэн мөртлөө цахилгаан шатыг зориулалтын бус багаж хэрэгслээр нээж, хаагаад сурчихсан байгаа нь үнэхээр аймшигтай санагдсан” хэмээн ярив. Бодит үнэн ийм байхад албаныхан цахилгаан шатны ослыг бүртгэж, “хүн унаж нас барлаа” гээд тоолоод суухаас өөр шидгүй. Ирэх өвөл цахилгаан хаа сайгүй тасарна гэж буй. Энэ үед орон сууцуудын цахилгаан шатны аюулгүй ажиллагааг хэрхэн хангах нь ийн тодорхойгүй байна.
Барилга, хот байгуулалтын салбарын хяналт, шалгалтын тайлан, танилцуулгуудад өргөх байгууламжийн ашиглалт, угсралтын явцад гарсан ослын жишээнүүдийг дурдаад өнгөрсөн байдаг. Тэгвэл олон улсын хэмжээнд лифтний осол гэнэтийн аюул биш, техникийн үзлэг, засвар, үйлчилгээний алдаа дутагдал, хамгаалалтын төхөөрөмжийн ажиллагааг шалгаагүйгээс үүсдэг болохыг сэрэмжлүүлсээр иржээ.
АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байгууллагын ослын мэдээллийн санд лифтний засвар, үзлэг, угсралтын үеэр ажилтан амиа алдсан тохиолдол олон бүртгэгдсэн аж. 2025 онд л гэхэд лифтний хонгил руу унаж нас барсан, үзлэг хийх үеэр амиа алдсан осол цөөнгүй гарчээ. Энэ нь цахилгаан шатны мэргэжлийн засвар, үйлчилгээний ажил нь ямар өндөр эрсдэлтэй болохыг харуулсан жишээ юм. Лифтний аюулгүй байдал нь төхөөрөмжийн чанараас гадна түүнийг угсрах, ашиглах, засварлах, ослын үеийн хариу арга хэмжээ зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг нь үүнээс харагдана.
Монголд цахилгаан шатны аюулгүй ажиллагааг зохицуулсан дүрэм журам өчнөөн бий. 2008 онд баталж, нэг бус удаа нэмэлт, өөрч лөлт оруулсан Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд ашиглалт, засвар, үйл чилгээтэй холбоотой шаардлагуудыг тусгасан юм. Тухайлбал, лифтний цахилгаан механикч, лифтчин, диспетчерийн мэдлэг, ур чадварыг ажилд орсноос хойш нэг сарын дараа, цаашлаад 12 сар тутамд тогтмол шалгах талаар заажээ. Мөн ажилтныг бэлтгэх сургалт, шалгаруулалтыг мэргэжлийн сургалтын төв, эсвэл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, зохих сургалтын бааз, багшлах боловсон хүчин бүхий байгууллага гүйцэтгэхээр тусгасан байна. Харин манайд “Хьюндай элеватор Монгол”, “Сигма Монголиа” гэх компаниас өөр лифтчин, механикч бэлтгэх сургалт явуулдаг газар үндсэндээ алга. Тэд богино хугацааны сургалтаараа лифтний бүтэц, ажиллах зарчим, аюулгүй ажиллагаа зэрэг онол, дадлагын хичээл заадаг аж.
Засгийн газар энэ оны 80 дугаар тогтоолоороо Лифтний аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг баталсан билээ. Уг зохицуулалтыг өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан бөгөөд үндсэн зорилго нь лифт ашиглалтын явцад хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгө болон барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэжээ. Лифтний аюулгүй байдлыг ашиглалтын бүх хугацаанд хангах, 25-аас дээш жил болсныг нь солих зэрэг шаардлага тусгаснаараа ач холбогдолтой гэгдэж буй. Мөн цахилгаан шатны аюулгүй ажиллагаанд эзэмшигч, ашиглагчийн үүрэг ч чухал юм. Хачирхалтай нь, энэ бүхнийг хэрэгжүүлэх хүний нөөцөө хаанаас “олох” гэж буй нь асуултын тэмдэгтэй үлдэв.