Оюутолгой ордын баялгаас монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсныг Засгийн газраас мэдээллээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж давхардлыг арилган найм, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг багасгаснаар 22 их наяд буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулжээ. Түүнчлэн “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Троттой “Оюутолгой” төслийг манай улсад илүү үр ашигтай байлгах, хамтын ажиллагааг ахиулах зорилгоор төслөөс хүртэх ногдол ашгийг 2027 оноос хуваарилж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоныг Ерөнхий сайд Н.Учрал дурдав. Тэгвэл Саймон Тротт “Бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлт оруулж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Мөн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцан, ногдол ашгийг 2027 онд хүртээхэд “Рио Тинто” компани хамтран ажиллахаа баталгаажуулж байна” хэмээв. Түүнчлэн манай улстай урт хугацаанд тогтвортой, шударгаар хамтран ажиллах хүсэл, хичээл чармайлтаа илэрхийлсэн “Рио Тинто” группийнхэнд манай Засгийн газрын зүгээс талархаж, цаашид амжилттай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Ташрамд дурдахад, “Оюутолгой” компанитай 2011онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4 хувь болгон, хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллароор багасгасан бол Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллароор ахиулах нөхцөл бүрдсэнийг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
С.Дулам