Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн өдөр өчигдөр тохиов. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан УИХ -ын Тамгын газраас “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Үндэсний номын санд зохион байгууллаа.
Улсын бага хурал (УБХ)50 гишүүнтэй байсан. Тэднээс УБХ-ын дарга асан Р.Гончигдорж, гишүүн Ж.Бямбадорж, Т.Очирхүү, Л.Цог, Д.Балдан-Очир, Н.Ганбямба, Д.Лүндээжанцан тэргүүтэн хүрэлцэн иржээ . Мөн Тамгын газарт ажиллаж байсан хүмүүсийн төлөөллөөс ч байлаа. УБХ 700 гаруй өдөр хуралдаж, анхны, шинэ Үндсэн хуулийг боловсруулан баталсан түүхтэй. Тиймээс эл өдрийг жил бүр тэмдэглэж, алдаа, оноо, ирээдүйгээ хэлэлцдэг уламжлал тогтсон байна.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Г .Туяагэрэл гол илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр парламентат ёсны түүхэн хөгжил, төлөвшил, нээлттэй байдлын чиг хандлагыг шинжилжээ. Ингэхдээ хөгжлийг дөрвөн шатанд хувааж, улмаар олон улсад парламентын нээлттэй байдлыг үнэлдэг гол шалгууруудыг манай парламент хангасан гэж дүгнэв. Тухайлбал, 1992 онд сонгуулийн ажиглагч орны тоо долоо, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 3.9 хувь байсан бол өнөөдөр 43 улсаас ажиглаж, бүрэлдэхүүний 25 хувь нь эмэгтэйчүүд болсон. Мөн гишүүдийн ирц, оролцоо, санаачилсан хууль зэргийг парламентын сайтад ил тод мэдээлж буй.
Харин УБХ-ын гишүүн аснууд парламентын чадамж, гишүүдийн ёс зүйд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байлаа. 1990-1992 оны УБХ-д маш өндөр ёс суртахууны шалгуур хангасан хүмүүс зөвхөн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл чилээн ажиллаж байсныг тэд сануулсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн нь эрх, үүргээ умартаж, чуулганы танхим, нийгмийн сүлжээнд хараал урсгаж, бусдыг доромжилдог болсныг шүүмжилсэн юм. УБХ-ын Тамгын газарт хоёр л компьютер байсан, гишүүд микрофонгүй ажилласан үе ч бий гэнэ. Микрофон авах гэхээр улс мөнгөгүй, тиймээс Тамгын газрын ажилтнууд хэлсэн үг , хуулийн төсөл зэргийг гараа сарвайтал бичдэг , хувилж тараадаг байжээ. Тэр үед 30 орчим хүн л ажиллаж байж. Харин өнөөдөр парламент дэргэдээ Судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй, тоног төхөөрөмж, санхүүжилт хангалттай, гишүүдэд ажиллах боломж , хүн хүчний дэмжлэг хан галттай болсон. Нийт 300 гаруй ажилтантай аж . Харамсалтай нь , улс төрчдийн ёс суртахуун, эх орныхоо төлөө ажиллах сэтгэл нь л “хөгжсөнгүй”. УБХ-ын дарга асан Р.Гончигдорж “Парламентын нээлттэй байдлыг улсын төсвийг хэрхэн хянаж баталж буйгаас л харж болно. Гэвч манайд хариуцлага, хяналт алдагдсан. Нээлттэй байна гэдэг бол хяналтгүй мэдээллийн урсгал биш, ёс зүй, хяналт юм шүү дээ” хэмээн онцолсон. Ж.Бямбадорж “Парламент ард түмнээс үүсэлтэй. Тиймээс тэдний саналыг сонсож, гол нь шийдвэртээ тусгаж, хариу өгч чадаж байна уу гэдгээр л нээлттэй байдлыг үнэлнэ” хэмээсэн юм.
С.Уул