Инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг “Оптимал эн макс” компанийнхан өөрсдийн бий болгосон “mindXplus” платформоор дамжуулан монгол хүний амьдралын чанар, сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн байдлыг үнэлэх цогц судалгаа хийжээ. Үүнд нийслэл, орон нутаг, гадаадаас 5000 гаруй хүнийг хамруулсан бөгөөд одоогоор цахим орчны болон хүрээлэн буй орчны сайн сайхан байдлын үнэлгээний үр дүнг танилцуулаад байна.
Байгаль орчны нөхцөл байдал буюу ус, хөрс, агаарын бохирдол, хог хаягдал, бэлчээр, газрын доройтол зэрэг тулгамдсан бэрхшээл монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 44.8 хувь нь ихээхэн гэж хариулсан бол 31 хувь нь бага зэрэг, 24.2 хувь нь нөлөөлдөггүй гэжээ. Үндсэндээ 75.8 хувь нь ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг гэсэн аж. Харин “Байгаль орчны асуудалд та хэр санаа зовдог вэ” гэсэн асуултад 61.5 хувь нь ихээхэн, 30.8 хувь бага зэрэг, 7.6 хувь нь огт санаа зовдоггүй хэмээсэн бай на. Энэ мэтчилэн олон санал асуулгын үр дүнд үндэслэн монголчуудын ажиллаж, амьдарч, суралцаж буй орчиндоо хэр сэтгэл хангалуун байгааг нь үнэлэхэд 67.5 хувь нь сэтгэл ханамжтай, 20.9 дунд зэрэг, 11.5 хувь нь сэтгэл ханамжгүй гэсэн үр дүн гарчээ.
Цахим орчин иргэдийн өдөр тутмын амьдралд хэр зэрэг саад учруулж буйг тандахад 38.2 хувь нь маш их төвөг болдог, 40.7 хувь нь саад болдоггүй, 21.1 хувь нь аль нь ч биш гэж хариулжээ. Нийгмийн сүлжээнд олон цаг өнгөрүүлсний дараа төрдөг мэдрэмжийг нь асуухад 34.9 хувь нь бүтээмжгүй санагддаг, 33.6 хувь нь ядардаг, 31.4 хувь нь анхаарал төвлөрөл мууддаг гэсэн байв.
Н.Мишээл