УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Баян-Өлгий аймгийн ИТХ, удирдлагууд уул усны нэрийг дур мэдэн өөрчилж, казах хэлээр нэрлэн, нас барагчдаа оршуулахдаа дур мэдэн газар тэлэх зэргээр Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа асуудлыг хөндсөн билээ. Уг асуудлыг цэгцэлж шийдэх нь зөв. Гэвч гишүүний үг, үйлдэл сүүлдээ санаатайгаар хагалган бутаргах, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж буй мэт өнгө аястай болсон учраас казах иргэдийн зүгээс гомдол гаргаж эхэлсэн билээ. Бэлтгэл хурандаа К.Женисгүл хэмээх эмэгтэй дээрх гишүүний үг, үйлдэл нь Үндсэн хуулийн 14.2 дахь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчсөн хэмээн үзэж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна. Тус дэд хороонд уг асуудлаар олон гомдол ирснийг дарга Б.Хэрлэн гишүүн ч хэлж, намрын чуулган эхлэхээр хэлэлцэнэ гэжээ.
эхний хэлэлцүүлгийг хийх үеэр М.Нарантуяа-Нара гишүүн өмнө нь УИХ-ын гишүүн, сайд байсан С.Жекей, А.Мурат зэрэг казах улс төрчид эх орноосоо урвасан. Тиймээс бодлогын яамыг казах хүнд хариуцуулах ёсгүй, Т.Аубакирийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан юм. Тэгвэл УИХ-д сонгогдсон дөрвөн казах гишүүн хамтран М.Нарантуяа-Нарагийн талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан тухай Т.Аубакир сайд өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр “Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдал болж байна. Дэлхийн улс үндэстнүүд ялгаварлан гадуурхах гэмт хэргийг жигшдэг. Гэтэл УИХ-ын гишүүн өөрөө ийм гэмт хэрэг хийж буйд харамсаж байна. Эх орноосоо урвасан казах улс төрчдийн нэрээр олон залуус, хүүхдүүдийг гутааж болохгүй” гэв. Баян-Өлгий аймгаас гурав, мөн ИЗНН-аас жагсаалтаар С.Замира хэмээх казах гишүүн парламентад ажилладаг билээ.
Энэ талаар М.Нарантуяа-Нара гишүүн “Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүд аймгийнхаа бүх хүний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Гэтэл урианхай, тува чуудын эрх ашиг зөрчигдсөөр байхад яагаад хамгаал сангүй вэ. Би зарчим ярьсан. Монгол Улсын нууцад нэвтрэх эрхтэй, өндөр албан тушаалтай хүмүүс иргэншлээ солиод явчихсан учраас бодлогын яамаа казах хүнд хариуцуулах нь буруу гэдэг асуудлыг л хөндсөн” гэсэн тайлбар хийв.