БНХАУ-ын Жянсү мужийн Сүжоү хотод энэ сарын 13 хүртэл үргэлжлэх нэг сая ам.долларын шагналын сантай “Fissure playground 3, Counter-strike 2” тэмцээний хэсгийн шатнаас “The MongolZ”-ынхон нутаг нэгт “5star” багийнханд 0:2-оор хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан, давхар хасагдах системээр өрсөлдөж буй.
“The MongolZ”-ынхон эхний тоглолтоо Бразилын “MIBR” багийн эсрэг хийж, нэмэлт цагт 1:2-оор ялагдсанаар доод хүснэгт рүү шилжив. Улмаар хасах шатны тоглолтод Ази тивийн сонгон шалгаруулалтаас эрх гардсан “5star” багийнхан “The MongolZ”-ынхонтой таарч, 13:9, 13:11-ээр хожил байгуулж, цувралыг 2:0-ээр өндөрлүүлсэн юм.