Уулын бэл, тал, хөндийг дүүргэн боловсорч буй тариа шаргалтан халиурч эхэлсэн намар цаг. Тариан талбайн ойролцоо трактор, комбайнаа байршуулж хэзээ мөдгүй тариа, ногоогоо хураахаар бэлтгэлээ хангах нь тариаланч. Өдгөө бол зарим бүс нутагт, хэзээнээс ургац хураах талаар ярилцаж, ажиглаж, цаг агаарын урьдчилсан төлөвийг харзнан, буудайн түрүү доош бага зэрэг бөхийж, үр нь хатуувтар атлаа чийгшил нь зохих хэмжээнд хүрсэн, эсэхийг нягтлан байх, их ажлын өмнөх нам гүм үе, есдүгээр сарын эхний 10 хоног.
Манай улс хүнсний болон нарийн ногоо, жимс, жимсгэнийнхээ дийлэнх хувийг импортоор авдаг. Харин улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах зорилт тавиад цөөнгүй жил өнгөрч, монгол төмсөө идэж, хөрсөндөө тарьж ургуулсан улаан буудай, түүгээр хийсэн гурил хэрэглэж байна хэмээн ярьж, мэдээлдэг болсон. Гэсэн ч Гаалийн ерөнхий газрын тайлангаас харахад төмс, улаан буудайн импорт огт буурсангүй. Тодруулбал, 2023 онд 47.7 мянган тонн буудай импортолоход 14 сая гаруй ам.доллар зарцуулсан бол өнгөрсөн хоёр жилд нийт 113 000 тонныг худалдан авахад 25.5 сая “ногоон” төлжээ. Мөн 2023, 2024 онд нийт 4.8, өнгөрсөн жил 3.2 мянган тонн төмс импортолсон аж. Энэ нь сүүлийн гурван жилд л гэхэд 1.5 сая орчим ам.доллароор төмс худалдан авсан хэрэг. Өөрөөр хэлбэл, бид улаан буудай, төмсөө дотоодоос бэлтгэх зорилтдоо хүрээгүй л байна. Үүнд цөөнгүй шалтгаан бий гэдэг. Нэгдүгээрт, улаан буудайн нийлүүлэлт, гурил үйлдвэрлэлийн асуудлаар төрөөс тогтвортой, урт хугацааны бодлого баримталдаггүйг дурдах хүн цөөнгүй. Энэ талаар Дархан-Уул аймгийн тариаланч Б.Буян-Өлзий “2024 оны хавар гурил, улаан буудайн импортын татварыг тэглэх шийдвэр гаргасны улмаас бид гурилын дотоодын зах зээлийнхээ 40 хувийг хойд, урд хөршийн бүтээгдэхүүнд алдсан гэж боддог. Гурил импортлох нь өссөн учраас улаан буудайн тариалалт ч буурсан. 15-18 жил улаан буудай тариалсан томоохон хоёр аж ахуйн нэгж өнгөрсөн хавар татан буугдах жишээтэй. Гэсэн хэдий ч жилийн жилд гурил, улаан буудайг дотоодоос бүрэн хангана л гэж ярьдаг. Импортын татварыг нэг тэглэж, нэг өсгөх бодлого баривал дотоодын үйлдвэрлэл хэзээ ч хөгжихгүй. 2024 оны тэр шийдвэрийн хор нөлөө одоо ч үргэлжилж буй гэсэн үг. Зовлон бэрхшээлийг дурдаад байвал олон. Энэ жилийн хувьд манай компани 250 гаруй га талбайд улаан буудай, тэжээл тарилаа. Боломжийн сайхан хавар болж, зуншлага ч сайн байж тариа сайн ургалаа. Болц бараг гүйцэж байна. 7-10 хоногийн дараа хурааж эхлүүлэх бодолтой. Өнгөрсөн жилийнхээс харьцангуй өндөр ургац авна гэж найдаж буй” гэв.
“ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ ЖИЛД ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ”
Тэгвэл Төв аймгийн Архуст сумд тариалан эрхлэгч Г.Батболд “Манай аймгийн үр тарианы голлох бүс нутаг Архуст, Баяндэлгэрт наадмаас хойш хур тунадас муу, гандуу байлаа. Тиймээс үр тариа, тэжээлийн ургамал, рапсын ургац төсөөлснөөс бага байх шинжтэй. Энэ нь байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалсан. Ер нь Монголд газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь байгалийн хараат гэхэд болно. Цаг агаар таатай байвал боломжийн ургац авна, үгүй бол “шатна”. Усалгаатай, ухаалаг газар тариалан эрхлэхэд дэндүү өндөр өртөгтэй, бид хөгжүүлж чадахгүй байна. Түүнчлэн энэ жилийн хувьд шатахууны ханш өндөр байгаа нь бэрхшээл үүсгэсэн. Өнгөрсөн намар дизель түлш литрийг нь 2500-2700 төгрөгөөр худалдан авч байсан бол намар 4000-гаас давсан. Газар тариалангийн салбарын зардлын 50-60 хувийг шатахуунд зарцуулдаг учраас намрын тариа, ногооны үнэ мөн адил өснө л гэсэн үг. Улмаар гурил, гурилан бүтээгдэхүүний ханш ч чангарах байх” хэмээв.
Мөн тус аймгийн Борнуур сумд төмсний аж ахуй эрхлэгч Т.Насанжаргал “Манайх 25 орчим га талбайд төмс тариад 10 жил болжээ. Хүмүүс төмсийг амархан ургадаг, арчилгаа тордлогоо төдийлөн шаарддаггүй гэж боддог нь ташаа ойлголт. Нэгж га-гаас их ургац авах, арчилж тордох, ажиллах хүн олох гээд зөндөө асуудал бий. Манай компанийн хувьд энэ жил нэг га талбайгаас 90-100 центнер төмс хураах боломжтой. Уг нь га-гаас авах ургацаа ахиулаад л байгаа юм. Гэхдээ ургац хураасны дараа их хэмжээгээр борлуулахад хэцүү байдгаас хямдхан өгдөг. Хэрвээ тариаланчид, эсвэл тариалангийн бүс нутгийнхан сум дундаа томоохон зоорь, агуулахтай, хадгалж болдог сон бол тариалангийн бүх төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт жигд, үнэ тогтвортой байна. Төмс тариалахаас илүүтэй хадгалах, өртөг зардалдаа тохирсон үнээр борлуулах хэцүү гэхэд болно. Тиймээс хавар, зунжин хөдөлмөрлөж ургуулсан бүтээгдэхүүнээ хямд зарах, олсон ашгаа хаврын тариалалтдаа зарцуулах зэрэг асуудал их. Зээлээс зээлийн хооронд л амьдардаг. Үүнээс шалтгаалж сүүлийн таван жилд миний мэдэхээр төмс тариалагч 10 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. Урд хөршөөс оруулж ирдэг хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөх, аж ахуйгаа тогтвортой авч явах хэцүү” гэсэн юм.
Энэ жилийн хувьд манай улс мөн л улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодоос нийлүүлэх өөдрөг төсөөлөлтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, ургацын урьдчилсан балансаар энэ намар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай хураахаар төлөвлөжээ. Мөн төмс 168.2, хүнсний ногоо 218.4, тосны ургамал 50.4 мянган тонныг бэлтгэх юм байна. 201 800 тонн малын тэжээл ч хураан авах тооцоо гарчээ. Эдгээрийг бэлтгэхэд зориулж, түүнчлэн “Атар IV” аяны хүрээнд одоогоор эргэлтийн хөрөнгийн 138.9, хөрөнгө оруулалтын 8.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод буйг салбарын яамны тайланд дурджээ. Мөн улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулах, үнэ тогтворжуулах зорилгоор 100 000 тонн хүнсний улаан буудай нөөцлөхөөр болжээ. Улсын хэмжээнд анх удаа нийт 12 мянган тонн төмс болон хүнсний ногоо нөөцлөхөөр болж, санхүүжилтийг нь шийдвэрлүүлэхээр УИХ-д хандсан юм байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Дэлхий нийтийг хамарсан геополитикийн нөхцөл байдал, ялангуяа хойд хөршид үүссэн дайны улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт хүндрэлтэй байгаа энэ үед үндсэн нэр, төрлийн таримлыг дотоодоос бүрэн ханган, үнийн өсөлтийг тогтворжуулахаар ажиллаж байна. Өнөө жил газар тариалангийн голлох бүс нутаг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт зуншлага сайн, тариалангийн ургалт жигд буй. Одоогоор ноцтой хүндрэл гараагүй, цаг агаарын таатай нөхцөл үргэлжилж байна. Гэхдээ ургац хурааж эхлэхэд цаг агаарын нөхцөл хүндэрч, ажил саатаж, хохирол учирч болзошгүйгээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оруулцуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлэх уг ажилд эхний ээлжид Зэвсэгт хүч ний жанжин шатбаас 2300 цэргийн албан хаагч, ХААИС-иас 500 гаруй оюутан, залуусыг гэрээгээр авч ажиллуулна” гэв.
557 300 ТОННЫН БАГТААМЖТАЙ ЭЛЕВАТОР БИЙ
Тариа, ногоо, төмсийг тарьж ургуулахаас дутуугүй чухал асуудал бол хадгалах сав, зоорь, элеватор байдаг. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тоннын багтаамжтай элеватор бий гэнэ. Үүнд нийт 61.1 мянган тонн улаан буудайн үлдэгдэлтэй байгаа аж. Мөн ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпорац” компанид 186 000 тонн буудай хадгалах хүчин чадал бүхий элеватор байгаа аж. Эл элеваторыг засварлаж байгаа бөгөөд буудай авах бэлтгэл хангаж, гурилын үйлдвэрүүд ч түрээсээр ашиглах боломж бүрдүүлжээ. Үүнээс гадна энэ онд хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр хоёр төрлийн, нийт 1314 ширхэг зуны хүлэмж зээлээр олгожээ. Ингэснээр хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдсэн байна. Мөн 65 700 тонн бордоо, 129 700 литр ургамал хамгаалын бодис нийлүүлснийг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Эдгээрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээс 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр дамжуулан олгосон аж.
Манай улс 2025 онд нийт 598 мянга орчим га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан. Энэ нь тариалангийн талбайн хэмжээ 2023 оныхоос хойш гурван жил дараалан буурсан дүн бөгөөд өмнөх жилийнхээсээ 34 орчим хувиар багассан үзүүлэлт болж байв. Ийнхүү талбайн хэмжээ багассанаас гадна 2025 оны хавар, зун гантай байсны улмаас улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авсан нь 2024 оныхоос 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар хорогдсон дүн болсон.Тодруулбал, хүн амын хэрэгцээт улаан буудайн 60, төмсний 75, хүнсний ногооны 70 орчим хувийг л дотоодоос нийлүүлсэн гэсэн үг. Тэгвэл энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд цаг агаар тааламжтай байж ахиу ургац авах өөдрөг төсөөлөлтэйгөөр ажлаа эхлүүллээ.
Ташрамд дурдахад, цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлч, аравдугаар сарын эхний 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй тул ургац алдахаас хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг хугацаанд нь үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангах шаардлагатайг Улсын ургацын комиссын дарга онцолсон.
С.Дулам