Японы Айчи, Гифү мужийн зарим хэсэгт аадар бороо, үерийн гамшгийн хамгийн өндөр буюу V түвшний онцгой сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнийг хоёр мужийн нутгаар дамжин урсдаг Шонай голын дагуух бүсэд гаргасан бөгөөд ийм түвшний анхааруулга нь иргэдийг ойр орчмын нөхцөл байдлаа үнэлж, хамгийн аюулгүй боломжит газар, тухайлбал, ойролцоох өндөр барилга, эсвэл өөрийн гэрийн хоёрдугаар болон түүнээс дээш давхарт шилжихийг уриалдаг байна.
Тухайн улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр Нагоя хотод уржигдар орой нэг цагийн хугацаанд 104.5 мм-ийн аадар бороо орсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Бороо тасралтгүй үргэлжилж, ус зайлуулах системийн хүчин чадлаас давсан тул иргэдийг газар доорх байгууламжид удаан хугацаагаар саатахгүй байхыг анхааруулсан байна. Учир нь авто замын доогуурх нүхэн гарц, газар доорх худалдааны төв болон автомашины зогсоол руу ус орох эрсдэлтэй аж.
Ч.Цэлмэг