Дээд сургуулиа төгсөж, хонхны баяраа тэмдэглэсний маргааш нь би "Өнөөдөр" сонинд гэрэл зурагчнаар ажилд орж байлаа. Албаны хослолтой ирсэн намайг шууд л хогийн цэг рүү зураг авахуулахаар явуулж билээ. Харин маргааш нь Төрийн ордон, Спортын төв ордон руу явж байв. Үүнээс хойш гэнэт хаашаа ч явж магадгүй тул ажлынхаа шүүгээнд бүх төрлийн хувцсаа бэлэн байлгадаг болсон. Ингэж л гэрэл зургийн ертөнцөд хөл тавьсан даа.
Гэрэл зурагчин болсон тухайд гэвэл сурагч байхдаа буюу 1996 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн ордны гэрэл зургийн дугуйланг төгссөн юм. Өвөөгийнхөө камераар зураг авч сурснаар “Зурагчин болбол олон гоё газраар явах юм байна” гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн мэргэжлээ сонгож, сэтгүүл зүйн ангид элсэн орсон минь онож, ханьтайгаа ч учирсан азтай хүн.
“Өнөөдөр” сонинд эх бэлтгэгчээр ажиллаж байсан ээж минь өөрөө ажлаасаа гараад, хүүгээ оруулахаар Гэрэл зургийн албаны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуайтай тохирсон юм билээ. Оюутан байхаасаа сониндоо зураг авч, мэдээ, сурвалжилга бэлтгэж өгдөг байсан учраас намайг ажлын эхний өдөр л Ц.Балдорж эрхлэгч маань шууд жинхэлж билээ. Жинхэлж, үндсэн ажилтан болно гэдэг тэр үед амаргүй даваа байсан юм. Түүнээс хойш “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сониндоо 20 гаруй жил ажиллажээ. Тийм ч учраас гэрэл зургийн албаныхаа талаар дурсамжаа өгүүлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН АЛБА
Ц.Балдорж эрхлэгч “Ардын эрх” сониноос өрх тусгаарлан “Өнөөдөр”-ийг байгуулахдаа гэрэл зургийн чадварлаг баг бүрдүүлсэн юм. Жолооч, машин, өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл, студи, тэр ч байтугай архивын эрхлэгчтэй байв. Намайг ажилд ороход Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай Гэрэл зургийн албаны даргаар, Т.Чимгээ эгч (2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн болсон) архивын эрхлэгч, лаборант, мөн Б.Тошка, С.Энхжаргал нарын мундаг зурагчин ажиллаж байлаа. Би тав дахь зурагчин нь. Төд удалгүй 2002 онд С.Энхжаргал ах АНУ руу явснаар миний бие спортын “Таван цагариг” сонины гэрэл зургийг түлхүү авах болж, түүнээс хойш энэ чиглэлд эргэлт буцалтгүй дурласан юм.
Тухайн үед манайхаас өөр гэрэл зургийн студитэй сонин байгаагүй, одоо ч үгүй. Ер нь Монголын өдөр тутмын сонины түүхэнд ийм хүчирхэг гэрэл зургийн албатай хэвлэл байсангүй. Студитэй сонин байна гэдэг үнэхээр өөр. Гэрэл зурагчдаа гадаад, дотоодын төрөл бүрийн том арга хэмжээнд явуулдаг, нэг үгээр бол чадалтай үе байж. Манай сонины үе үеийн эрхлэгч гэрэл зургийн өндөр мэдрэмжтэй, зурагчны хөдөлмөрийг ойлгодог, хүндэтгэдэг. Гэтэл зарим сонин, хэвлэл гэрэл зургийг нийтлэлийн дайвар зүйл мэтээр ойлгодог юм шиг санагддаг.
Манай сонин салбартаа олон шилдэг гэрэл зурагчныг бэлтгэн гаргасныг онцлон дурдах ёстой. Энэ 30 жилийн түүхэнд үе үеийн 10 гаруй шилдэг гэрэл зурагчин ажиллажээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун, Т.Чимгээ болон гэрэл зурагчин Ж.Орхон, Н.Байгальмаа, С.Энхжаргал, Б.Тогтохдэмбэрэл (Тошка), Ц.Батбаатар, Г.Эрдэнэтуяа, П.Баттулга, Б.Бямба-Очир, Д.Эрдэнэцэцэг, Н.Амгаланбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Аргуужин, Ц.Баярбаатар, Ч.Гурвансайхан, Г.Ариунаа, В.Түмэнбаяр нарын уран бүтээл манай сонины нүүрийг чимж явсныг дурдахад таатай байна. Өдгөө тэд улс төр, нийгмийн салбарын нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж буй. Олон шилдэг гэрэл зурагчныг төрүүлэн дадлагажуулж, карьерынх нь дараагийн өндөрлөгт хүрэхэд “Өнөөдөр” сонины оруулсан хувь нэмэр асар их билээ.
Манайх чадварлаг гэрэл зурагчидтай байсан учраас дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог байв. Мөн дотоод, гадаадад үзэсгэлэнгээ дэлгэж байлаа. Тухайлбал, саяхан С.Энхжаргал ахын бүтээл дэлхийн спортын гэрэл зургийн шилдэг 10-т багтсан. Ер нь аливаа уралдаанаас манай сонины гэрэл зурагчид шагналгүй үлдсэн түүх бараг үгүй. Яаж ийж байгаад л заавал байр эзэлдэг байлаа. Нэг удаа Батлан хамгаалах яамнаас зарласан гэрэл зургийн уралдаанд Ц.Батбаатар ах, Г.Эрдэнэтуяа эгч бид гурав эхний гурван байрыг нь эзэлсэн юм даг. Миний хувьд 2008-2013 онд гэрэл зургийн 20 гаруй уралдаанд оролцож, 10 гаруйд нь түрүүлж байв.
БАХАРХАХ ӨВ
Олон жилийн турш хэвлэлийн гэрэл зургийн салбар маш их өрсөлдөөнтэй байлаа. Бусад сонины зурагчидтай төдийгүй алба дотроо ч тэр. Өглөө ажилдаа ирмэгцээ хэвлэлтээс ирсэн сонингоо дэлгэж, хэн ямар зураг авсныг харах гэж яардаг, сайн бүтээлийн төлөө хоорондоо өрсөлдөж, нэгнээ хурцалдаг сан. Тухайн үед Тошка, Энхээ ах нарын “том” зурагчинтай хамт ажиллаж байсан учраас тэднээс би их зүйл сурч авсан. Миний бодлоор “Өнөөдөр” сонины гэрэл зурагчид үеийн үед их хүчтэй байж ирсэн түүхтэй. Тэр хэрээрээ манай сонины гэрэл зургийн школ бахархам баялаг өвтэй гэж боддог. Жишээлбэл, улсын архивт байхгүй ховор зургуудыг манай фондоос олдог тохиолдол олон бий. Цаг үеийн эрхээр Улсын гэрэл зургийн газар хаагдсан нь ч үүнд нөлөөлсөн биз. Бөхийн өргөөнд барилдаан болоход зураг авах хүн байхгүй, бүх яам, агентлаг орон тооны зурагчингүй байсан тэр үед зөвхөн сонины гэрэл зурагчид л энэ үүргийг биелүүлдэг байлаа шүү дээ. Нэг хөгжилтэй жишээ дурдахад, 2001-2002 онд бөхчүүд надаас зургаа авахаар хайж ирэхдээ “Харцага гуай байна уу” гэх тохиолдол ч гарсан. Их л хөгшин хүн гэж бодсон шиг байгаа юм. Одоо бол спортын салбарынхан маань намайг таньдаг гэж боддог.
“Өнөөдөр” сонины гэрэл зургийн архив үнэхээр баялаг. Гэрэл зургийн хальс, хэвлэмэл зургаас авхуулаад флоппи диск, CD, зөөврийн хард диск хэлбэрээр олон файл бий. Англи хэлээр хэвлэгддэг “UB Post”, спортын “Таван цагариг”, хүүхдийн “Би би би”, амралт чөлөөт цагийн “Ням гариг”, “Миний гэр”, “ТВ сонин”, “Хайрын шуудан”, “Өнөөдрийн хүүхдүүд” сонин болон mongolnews.mn, unuudur.mn сайтын гэрэл зургийг бүгдийг хариуцдаг байсан.
Монголд гэрэл зурагчны тусгай сургууль байхгүй. Гадаадад энэ мэргэжлээр боловсрол эзэмшсэн цөөхөн хүн бий. Харин гэрэл зургаар мэргэших ганц зам бол практик дээр ажиллаж, туршлага суух гэж би боддог. Р.Чулуун гуай бидэнд плёнк өгөөд “Цөөхөн кадр л дарна шүү” гэж захидаг байлаа. Хальсаа хэмнэж байгаа нь тэр. Бид хальсаа ч, зургаа ч өөрсдөө угаана. Ингэж л гэрэл зурагчдыг бэлтгэдэг байв.

2002 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр манай сонины редакцид зочилж байлаа.
СОНИНДОО ЗУРГАА ӨГӨӨД Л ТАЙВШИРДАГ
Би сайн зурагчин биш. Гэхдээ хариуцлагатай байхыг хичээдэг. Зургийг маань сэтгүүлч, эх бэлтгэгч, хэвлэх үйлдвэр, уншигчид хүлээж байдаг юм. Учир нь миний ажил түүх болон үлддэг. Р.Чулуун гуай надад ажлаа хариуцуулж өгөөд тэтгэвэртээ гарснаас хойш албаны өнгө төрхийг алдагдуулахгүй, менежментийг нь аль болох сайн авч явахыг хичээж ирлээ. Гэрэл зургийн албаны дарга болсныхоо дараа Б.Мөнх-Эрдэнэ, Г.Аргуужин, Ц.Баярбаатар, В.Түмэнбаяр гэсэн дөрвөн зурагчинтай хамтран ажилласан юм. “Өнөөдөр” сониныг зориод ирсэн залуу зурагчдынхаа арыг дааж, саадгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхийн тулд жолоочоо машинтай нь, хамгийн сайн камер, техник хэрэгслээ өгөөд өөрөө савангийн хайрцаг шиг жижигхэн камер бариад, автобусанд суух, эсвэл алхаад явдаг үе ч зөндөө байсан.
Миний бие тун удахгүй Японы Айчи-Нагояд болох 20 дахь удаагийн Азийн наадамд явах гэж байна. Энэ хугацаанд гурван олимп, хоёр оюутны универсиад, дөрвөн Азийн наадамд гэрэл зурагчнаар ажиллажээ. Сонирхуулахад, социализмын үед О.Уртнасан, Б.Сугаржав нарын ахмад гэрэл зурагчин спортын томоохон тэмцээнүүдийг сурвалжилдаг байсан бол ардчилсан нийгэмд шилжсэнээр зурагчин байтугай дасгалжуулагч нар ч гадаад руу тэмцээнд явах боломжгүй хүнд үе тохиосон юм. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ах надад 2010 онд Гуанжоуд болсон Азийн наадамд явах боломж олгосноор социализмын үеэс тасраад байсан буухиаг үргэлжлүүлсэн билээ. Тэгэхэд Монголоос анх удаа Азийн наадамд албан ёсны гэрэл зурагчин ирлээ хэмээн зохион байгуулагчид нь онцолж байв. Тэрхүү наадмаас би гадаадын зурагчдын ажлын туршлагаас их зүйл суралцсан. Монголын спортын гэрэл зургийн хөгжилд хувь нэмэр оруулж яваадаа баярладаг. Дэлхийн оюутны универсиадад ажилласан анхны монгол гэрэл зурагчин (2023 онд БНХАУ-ын Чэндүд болсон Дэлхийн оюутны универсиад наадам, 2025 онд ХБНГУ-ын Рейн-Рурт болсон Дэлхийн оюутны универсиад наадам) болсон. “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаа болохоор МҮОХ, Спортын сэтгүүлчдийн холбоо, ер нь мэргэжлийн холбоод намайг үнэлдэг гэж боддог. Олимп, Азийн наадам, Дэлхийн аваргын тэмцээнд явж нээлт, хаалт, тэмцээний торгон агшин, тамирчдын ялалт, ялагдлын зургийг авч, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг гайхалтай.
Энэ байгууллагад олон жил ажиллах явцад улс төрийн нам, өрсөлдөгч байгууллага, төрийн өндөрлөгүүдээс хүртэл ажлын санал ирж байлаа. Сүүлийн сонгуулиар гэхэд сарын 10 сая төгрөгийн цалинтай ажиллаач гэхэд “Би ганцаараа ажиллаж байгаа. Ажлаа хаяж явж болохгүй” гэсэн хариу өгч байлаа. Энэ тухайгаа эрхлэгчдээ хэлэхэд “Та тэгээд явчхаад ирэхгүй дээ” гэж загнаж билээ. Гэрэл зургийн буянаар надад Монголдоо очиж үзээгүй аймаг, сум бараг үлдээгүй. Төрийн ордноос эхлээд траншей руу ч орж сурвалжилна гэх мэтээр сонины гэрэл зурагчин бол үнэхээр сонирхолтой мэргэжил. Цагаан сарын бөхийн барилдаан, төрийн өндөрлөгүүдийн золголтын зураг авдаг байсан болохоор гэртээ битүүлж, шинэлэх зав чөлөө бараг олддоггүй байлаа. Харин сүүлийн жилүүдээс л баярын өдрүүдийг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлдэг болоод байна.
Манай компани БНСУ руу ажиллах хүчин гаргадаг байлаа. Чөлөө аваад тэнд хэсэг ажиллаад ирэхдээ гэрийнхэндээ ч олигтой бэлэг аваагүй хэрнээ жижиг оврын мотоцикл болон сайн чанарын камер хэрэгсэл авчирч байсан. Уг нь байгууллагаасаа нэхээд авч болох л байлаа. Эхнэр маань үүнийг хараад “Чи гэрэл зурагтаа үнэхээр хайртай юм байна” гэж билээ.
Сонины гэрэл зурагчин бодит байдлыг баримтжуулсан зургийг цаг тухайд нь буулгадаг онцлогтой. Түүний нэг жишээ бол 2008 оны долоодугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлын үеэр хуучнаар МАХН-ын Цагаан байр шатаж байхад дотор нь орж зураг авч байсан явдал юм. Тэр үед би хоёрхон сартай нялх хүүхэдтэй байснаа ч мартан, аминаасаа илүүтэй зурагтаа хайртайдаа л тийм эрсдэлтэй алхам хийж дээ гэж заримдаа боддог. Тухайн үед цагдаагийн нулимс асгаруулагч хийнд буудуулаад хоолой хорсож, нулимс гоожоод хөдөлж ч чадахгүй хэцүүдсэн ч арайхийн гарч, авсан зургуудаа сониндоо аваачиж өгч билээ. Тэгэхэд Б.БямбаОчир маань тархиа хагалуулж, дараа нь хүнд хагалгаанд орж байсан юм.
Мөн ШШГЕГ-ын ойролцоох траншейнд хэсэг архичин жаахан охинтой хамт амьдарч байсан тухай зургийг сониндоо нийтэлсний дараа хуулийн байгууллагынхан “Тийм охин үнэхээр байна уу, хаана байна” хэмээн надаас лавлаж байлаа. Бас Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай нуурт олноор үхсэн шувуудын зургийг авч нийтэлсний дараа тагнуулын байгууллагаас тэрхүү нөхцөл байдлын талаар лавлагаа авсан удаатай. 2014 онд Улаанбаатар төмөр замаас цэцэрлэгийн зориулалттай барилгыг Тасалбар түгээх төв болон оффиссын зориулалтаар ашиглаж байгааг удаа дараа шүүмжилж сурвалжилга хийсний эцэст яг жилийн дараа УБТЗ-ын “Солонго” цэцэрлэг 250 хүүхдийн хүчин чадалтайгаар нээлтээ хийж байлаа. Гэрэл зураг гэдэг ингэж нийгмийн амьдралд, хүмүүст хүчтэй нөлөөлдөг. Миний авсан зургуудаас олон хүн ухаарал авч байсныг үгүйсгэхгүй. Тиймээс гэрэл зурагчны мэргэжлээ их буянтай ажил гэж боддог. Энэ л миний ажлаасаа уйдахгүй байгаа гол шалтгаан юм.
Э.Харцага