Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн нийгэмд адлагдсан эрэгтэйчүүд өөрсдөө хохирогч байсан тухайгаа ярьж, ил гарч ирэх боллоо. Нэгэн дуучин залууг үсдэж буй эмэгтэйн бичлэг цахим орчинд олон нийтийг талцуулсан юм. Хэрэв хүний биед гэмтэл учруулсан бол хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз. Үүний цаана эрэгтэйчүүд ч мөн хүчирхийлэлд өртдөгийг сануулж, жендерийн хэвшмэл буруу ойлголт нийгэмд хүчтэй хэвээр байгааг илчилсэн юм. Тухайлбал, эрэгтэй хүүхдийг охид цохиж, зодох нь байдаг л зүйл, харин хөвгүүд гар хүрч болохгүй. Энэ хүмүүжлийн арга буруу байсныг амьдрал харуулсаар. Бид эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ялгаатай байдлаар хүмүүжүүлж ирсэн нь ч үүнд нөлөөлж болзошгүйг эрэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагын нэгэн мэргэжилтэн хэлсэн. Тэрбээр “Эрэгтэй хүүхэд чулуунд бүдрээд уначихвал “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”, харин эмэгтэйг нь “Эвий минь” гээд тээг болсон зүйлийг нь буруутгадаг. Ингэж хүмүүжүүлдэг учир охид багаасаа хэн нэгнийг буруутгаад сурчихсан, хөвгүүд эрэгтэй хүн тэсвэр тэвчээртэй л байх ёстой гээд өсчихдөг. Гэвч тэвчээрт хязгаар бий.
Тэсэж тэсэж байгаад тэр нь илүү хор хөнөөлтэйгөөр илэрдэг. Хүний эрх гэж байхаас, эрэгтэй, эмэгтэй хүний эрх гэж байхгүй шүү дээ” гэсэн юм.
Хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг тулд бид үүнд л хамаг анхаарлаа хандуулж ирсэн. Тэднийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт төвлөрч, бодлого боловсруулж, хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлчхээд байхад хүчирхийлэл, гэмт хэрэг яагаад буурахгүй байна вэ. Энэ нь эрэгтэйчүүдийг багаас нь хүмүүжүүлэх арга нь буруу, сэтгэл зүйн асуудлыг хойш тавьсны балаг гэж сэтгэл зүйчид үздэг байна. Өөрөөр хэлбэл, “онош”-оо зөв тодорхойлж чадаагүй буюу улс бодлого, үйл ажиллагаагаа хэнд чиглүүлэх вэ гэдэгт анхаарах цаг болсныг тэд сануулсан юм.
ХОХИРОГЧ НЬ ҮРГЭЛЖ ЭМЭГТЭЙ ДҮР БАЙДАГ
Цахилгаан шатанд нэг эмэгтэй эрэгтэй хү нийг өшиглөж, цохиж элдвээр загнасан бичлэг цахим орчинд тархсан. Үүнийг харсан хэн ч тухайн эрэгтэйг өмөөрч, хамгаалаагүй юм. Мөн л гудамж, талбайд эмэгтэйчүүд эрчүүдийг элдвээр харааж, загнаж, маажиж, үсдэж, өшиглөн, биед нь халдаж буй тохиолдол бишгүй л таардаг. Үүнийг хараад цагдаагийн байгууллагад ханддаг нь хэд билээ. Хүүхэд, эмэгтэйчүүд л сул дорой, тэдэнд нь тусламж хэрэгтэй гэх ойлголт бидний тархинд “түгжигдчихсэн” учраас л тэр. Эхнэрийнхээ харцаар хөдлөх эрчүүдийн сэтгэл зүй ямар байдгийг хэн ч сонирхдоггүй. Хохирогч нь үргэлж эмэгтэй дүр байдаг. Эрэгтэй хүн хүчирхийлэлд өртчихлөө гэвэл сул дорой, арчаагүй, азгүй нэгэн гэгдэнэ. Харин эрчүүд үүнийг хүсдэггүй. Нийгэм ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл маскулинити буюу эрэгтэй шинжиндээ илүү ойртох гэж удирдагч, хамгаалагч, санхүүгээр тэтгэгч байхын төлөө хичээн зүтгэх нь сэтгэл зүйн дарамтад оруулах, цаашлаад амиа хорлоход ч нөлөөлж буйг сэтгэл зүйчид хэлдэг. Эр хүн ийм л байх ёстой гэсэн “хортой” хэвшмэл ойлголт нь хүч дорой эмэгтэйчүүд, хүүхдэд ид хаваа үзүүлэх эрсдэлийг ч нэмдэг байна.
Манай улсын хүн амын тэн хагас нь эрчүүд. Хөдөлмөр эрхлэгчдийн 66.1 хувь нь эрэгтэй. Өнгөрсөн оны байдлаар эрчүүдийн дундаж наслалт 68 байна. Харин эмэгтэйчүүдийн 77. Эмэгтэйчүү дээс даруй 10 орчим жилээр богино насалдаг нь эр чүүдийн амьдралын хэв маяг, хорт зуршил, ажлын хүнд нөхцөл, зам, тээврийн болон гэнэтийн осолд өртөх тохиолдол их байдагтай нь холбоотойг мэргэжилтнүүд хэлдэг. Нэг ёсондоо эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал орхигдсоор өдий хүрсний томоохон сануулга нь энэ дундаж наслалтын зөрүү юм. Үүнийг ойртуулах хэрэгтэй хэмээн эрх баригчид ярьдаг ч хэрхэн, яаж гэдэг бодлого, бодит шийдэл алга. Үүнээс гадна эрчүүд дээд боловсрол эзэмших байдлаараа ч эмэгтэй чүүдээсээ хоцорсон. Тухайлбал, өнгөрсөн онд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 50, техник мэргэжлийн сургалтын байгууллагын 66 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэтэл их, дээд сургуульд суралцагчдын 38 хувь нь хөвгүүд. Энэ нь монголчууд охид илүү боловсрол эзэмших хэрэгтэй, заавал их, дээд сургуульд сурах ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос нь үүдэлтэй. Эдгээр статистик нь эрчүүдийн нийгмийн асуудлыг илэрхийлж байна. Тэгвэл өөр нэг “тоо”-г авч үзье.
Монгол эрчүүдийн 74 хувь нь бага насандаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байжээ. Энэ нь насанд хүрсэн хойноо хамтрагчийнхаа эсрэг хүчирхийлэл үйлдэх голлох шалтгаан болж буйг “Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал” судалгаагаар 2025 онд гаргаж ирсэн юм. Уг судалгааг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголын бие даасан судалгааны хүрээлэн (IRIM) хийсэн бөгөөд нийслэл, орон нутгийн 18-49 насны 400 эрэгтэйг хамруулжээ. Тэдний олонх нь жендерийн эрх тэгш байдлыг дэмждэг ч хүчирхийллийг өөгшүүлсэн хортой хэвшмэл ойлголт, зан үйл бодитоор оршсоор байгааг судалгааны үр дүн харуулсан. Үүнээс үзэхэд эрчүүд жендерийн буруу, хэвшмэл ойлголт, бэлгийн харилцааны талаарх мэдлэггүй байдал зэрэг маш олон шалтгааны улмаас хүчирхийлэл үйлддэг нь харагдаж буйг судлаачид онцолжээ. Мөн өөр нэг анхаарал татсан баримт нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдсэн байгаа нь Азийн бусад улс орнуудынхтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, ажлын дарамт, ажилгүйдэл, хүү хэд байхдаа хүчирхийлэлд өртсөн эрчүүд эхнэр, найз охин зэрэг хамтрагчаа хүчирхийлэх магадлал өндөр гэнэ.
ДУУДЛАГА ӨГСӨН БОЛ ЭРЭГТЭЙГ НЬ БУРУУТГАДАГ БАЙДЛЫГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ
Шүүх, хууль хяналтын байгууллагын шийдвэр ч эрэгтэйчүүдэд халгаатай, эмэгтэйчүүдэд ээлтэй байх нь цөөнгүй. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Г.Оюунболдоос тодруулахад “Эхнэр, нөхөр хардалтын улмаас ч юм уу, нэгийнхээ биед халдлаа гэхэд эмэгтэй нь нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчихдөг. Эрэгтэйг нь баривчлаад явчихдаг. Жишээ нь, эхнэр гадуур хоноод, нөхөртөө учир шалтгаанаа хэлдэггүй, асуухаар үл тоомсорлосон байдал гаргаад байж. Ийм явдал дахин давтагдсаны дараа тэдний дунд ширүүн маргаан үүсэж, эхнэртээ гар хүрчихэж. Эхнэр нь ч гэсэн зөрүүлээд нөхрийнхөө биед халдсан байна. Гэтэл нөхөрт нь баривчлах шийтгэл ногдуулсан. Энэ мэт нөхцөл байдлаас үүдэж, харилцан бие биедээ гэмтэл учруулсан жишээ цөөнгүй. Угтаа хэн хэнийхээ биед халдсан учраас Зөрч лийн тухай хуулиар адилхан хариуцлага хүлээлгэх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 5.4.4-т “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, эсхүл бусадтай харилцахыг хязгаарласан, эсхүл хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж хүнийг сануулах, эсхүл хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”. 5.4.5-д Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. Гэтэл дуудлага өгсөн л бол эрэгтэй хүнийг шууд буруутгадаг нөхцөл байдал үүсчихсэн. Шийтгэл ногдуулж буй нь нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдсон уу гэдэг эргэлзээтэй байхад шүү. Эхнэр, нөхөр хоёр нэг удаагийн хэрүүлийн улмаас харилцан зодолдох нь гэр бүлийн хүчирхийлэл биш юм. Хуульд ч энэ талаар нарийн зохицуулсан. Энгийнээр хэлэхэд, гэр бүлийн гишүүн эхнэр, нөхрийн аль нь ч байнгын айдас түгшүүр, сэтгэл санаа, бие махбодын дарангуйлалд байсан харилцааг хүчирхийлэл гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь хоёр ба түүнээс дээш удаагийн байнгын давтагдсан шинжтэй байдаг. Үүнийг гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага оноодог. Гэр бү лийн хүчирхийллийн шинжгүй хэрэгт эхнэрийнх нь гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэж, хорьж цагдаж байгаа нь цаашдаа хосуудын харилцаанд илүү хор уршиг учруулж мэднэ. Гэр бүлийн харилцаа улам муудаж, дахин хүчирхийлэл үйлдэж, салсан жишээ ч бий. Үүнд судалгааны байгууллагынхан дүгнэлт хийх хэрэгтэй” гэв.
Монгол Улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй үндэсний байгууллага бол Жендерийн үндэсний хороо. Эрчүүд эрхээ хамгаалуулахын төлөө эл байгууллагад ханддаг болов уу. Энэ талаар тус хорооны Ажлын албаны дарга А.Адилбишээс тодруулахад “Жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай мэт ойлгодог хэвшмэл буруу ойлголт одоо ч байсаар. Үүнээс үүдсэн хор нөлөө эрчүүдийг сэтгэл гутрал, түгшилт, цаашлаад амиа хорлоход ч хүргэдэг. Эрчүүд “Би хүчирхийлэлд өртчихлөө, надад туслаач” гэж гомдол гаргаж, ирж уулздаггүй ч цахим орчинд дуу хоолойгоо хүргэх, илэрхийлэх байдал нэмэгдсэн. 2026 оныг эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан ч хөдөөд эрэгтэйчүүдийн асуудал улам хүнд байна. Жендерийн үндэсний хороонд 12 хүн ажилладаг. Улсаас ажилчдын цалин төсөвлөдөг ч үйл ажиллагааны урсгал зардал олгодоггүй. Олон улсын хандив тусламж, төсөл, хөтөлбөрөөр л зохицуулдаг. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд 21 аймгийн Засаг дарга жендерийн салбар хорооны дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нь салбар зөвлөлийн даргын үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл эл үүргээ ч мэдэхгүй сум, орон нутгийн захирагчид бий. Засгийн газрын түвшинд жендер гэхээр хэдхэн эмэгтэй гишүүний тухай ярихаас биш, нийгмийг хамарсан арга хэмжээ авдаггүй” гэв. Энэ нь Монголын жендерийн тулгамдсан асуудалд гаднын “донор” байгууллагууд л санаа тавьж буйн бодит жишээ юм. Далд хүчирхийллийн хохирогч нь эрчүүд үү. Тэд илчлэх эрхтэй.