АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн эмнэл зүйн ур чадварын төвийг робот мэс заслын сургалтын төв болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ. Монгол Улсад робот мэс заслын дэвшилтэт технологийг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэхэд чухал алхам болсныг мэргэжилтнүүд онцолсон юм. Тус төвийнхөн мэс засалч, резидент эмч, сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнийг симуляцид суурилсан багийн сургалтаар бэлтгэж, робот мэс заслын дэлхийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх юм байна.
Саваа бэлдэхээр саалиа бэлд гэдгийн адил робот мэс заслын технологийг манай улс анх 2023 онд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Гэмтэл, согог судлалын тэнхимийн санаачилгаар Монгол Японы эмнэлэгт нэвтрүүлсэн билээ. Тодруулбал, БНСУ-ын CUREXO компанийн мэргэжилтнүүд болон эмч нартай хамтран таван өвчтөнд роботын тусламжтай өвдөгний үе суулгах мэс засал амжилттай хийсэн юм. Тэгвэл өдгөө манай эмч нар уг хагалгааг хийж эхэлсэн бөгөөд мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, орчин үеийн мэс заслын технологийг ийн эх орондоо нутагшууллаа.
Ч.Болор