Японы Токио хотод эхэлсэн жиү жицүгийн ДАШТ-д манай улсын баг 54 улсын 6500 гаруй тамирчинтай өрсөлдөж байна. 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог эл тэмцээнд үндэсний спортынхноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын начин Т.Довчинсэмбээ ягаан бүсний нээлттэй жинд түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо. Түүнтэй хамт оролцсон “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөх, аймгийн арслан Л.Батсайхан хөх бүсний ангилалд хүнд жинд алт, нээлттэй жинд хүрэл медаль хүртэв. Үнэмлэхүй жинд оролцсон тамирчдаас улсын начин Ш.Дарханбат цэнхэр бүсний +100 кг-ын ноги төрөлд тэргүүлсэн бол жингийн ангилалгүй төрөлд дэд байр эзэлжээ. Мастер ангилалд хүч үзсэн оролцогчдоос “Jiu jitsu methods Mongolia” дэвжээний тамирчин цагаан бүсний ангилалд ноги болон гитэй төрөлд аваргаллаа. Түүнчлэн “Хилчин” спорт хороо, Ус сувгийн удирдах газрын бөх Хөвсгөлийн аймгийн Цагаан Үүр сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Баттүвшин нээлттэй жинд тэргүүлэн цэнхэр бүсний ноги ангилалд Их-Уул сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн дэвжээ”-ний бөх, аймгийн Харцага Л.Цолмонбаатар мөн аваргаар тодорсон байна. ҮБТИС-ийн оюутнуудаас “Jiu jitsu methods Mongolia” клубийн тамирчин Б. Мөнхбаатар жиндээ тэргүүлж, нээлттэй ангилалд III байрт шалгарчээ. Хар бүсний ангиллын ноги төрөлд “Эрхэс” жиү жицү академийн дасгалжуулагч М.Тамир алтан медаль гардав. Эмэгтэйчүүдээс Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, “Jiu jitsu methods Mongolia” клубийн Д.Үүрцайх насанд хүрэгчдийн цэнхэр бүс, ШУТИС-ийн оюутан Б.Бат-Эрдэнэ ягаан бүсний ангилалд өрсөлдөж мөнгө, АШУИС-ийн оюутан П.Эрхсаран цэнхэр бүсний ангиллын ноги төрөлд түрүүлж, дэлхийн шилдгүүдийн нэгээр тодров.