Манай орныг зорин ирэх солонгос жуулчдын тоо долоодугаар сараас хойш тогтмол өсөж буйг Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос мэдээлэв. Энэ оны 1-6 дугаар сард тус орноос Монголд ирсэн жуулчны тоо тасралтгүй буурсан нь вонын ханшийн сулрал, Азийн зах зээл дэх өрсөлдөөн, аяллын үнийн өсөлт зэрэгтэй холбоотой байж. Тэгвэл долоодугаар сараас хойш жуулчдын урсгал ийн эргэн нэмэгджээ.
Одоогоор манай улс 734 мянган жуулчин хүлээж авсны 19.3 хувь нь солонгосчууд аж. Наймдугаар сард БНСУ-аас 42 мянган жуулчин ирсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлттэй сар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 15.6 хувиар өссөн дүн юм. Солонгосчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Ургацын баяр энэ сарын 25-нд болно. Тус улсын иргэд эл баярын амралтаар гэр бүл, найз нөхөд, хамт олноороо гадаад руу аялах нь эрс нэмэгддэг байна.
Ж.Сувд