Дэлхий дахинд цэвдэг эрчимтэй гэсэж, идэвхтэй давхаргын зузаан нэмэгдсээр байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэдээллээ. Олон улсын хэмжээнд цэвдэг хянадаг мониторингийн 156 цэг бий гэнэ. Тэдгээрээс цуглуулсан сүүлийн 20 гаруй жилийн мэдээллээр Европ болон Азийн өндөр уулын бүсэд идэвхтэй давхаргын зузаан хоёр дахин буюу 90 гаруй хувиар нэмэгджээ. Харин Арктикийнх 55, Антарктидынх 38 хувиар өссөн байна.
Цэвдэг бүхий газар нутагт зуны улиралд гэсэж, өвөлд эргэж хөлддөг хөрсний хамгийн дээд талын үеийг идэвхтэй давхарга гэдэг. Түүний зузаан нэмэгдсэнээр цэвдэгт олон мянган жилийн турш хуримтлагдсан хүлэмжийн хий агаарт их хэмжээгээр ялгарах, хөрсний бүтэц суларч нурах, улмаар цэвдэгтэй бүсэд барьсан зам, барилга, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг юм.
Н.Мишээл