2023.10.19 “МУИСийн III байр буюу Хууль зүйн сургуулийн барилгыг нураах дуулиантай зэрэгцээд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар буюу А.М.Горькийн нэрэмжит номын сангийн байрыг буулгах сураг чимээ дуулдаж эхэлсэн юм. Тэндхийн ажилтны хэлснээр номын сангийн хуучин барилгыг нурааж, газар дээр нь шинийг барихаар төлөвлөж буй гэх. Энэ нь зөвхөн яриа хэлцэл, төлөвлөлт төдий ч юм биш, тендерийг нь хүртэл зарлаад амжсан тухай дуулгав. Харин тухайн салбарыг хариуцсан захирал Н.Санжаасүрэн “Тийм мэдээлэл сонссон. Гэхдээ баттай, эсэхийг нь мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Хамгийн хачирхалтай нь, эл номын санд ажилладаг, хамгийн ойр байдаг хүмүүс нь энэ талаар дуулсан байхад Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийнхан болон Соёлын яамныхан юу ч сонсоогүй гэж үгүйсгэв”.
2026.09.05 Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, Бага тойруугийн арктай шар байрыг бүхэлд нь хашиж, нэг захаас нь буулгаж эхэлжээ. Үүнд А.М.Горькийн нэрэмжит номын сан хамгийн түрүүнд өртөөд байна. Хаанахын, ямар компани барилгын болон газар шорооны ажил хийж буй талаар тодорхой мэдээлэл өгөхүйц самбар, танилцуулга тэнд байсангүй. Ажилчид нь “Дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсэд нийслэлээс өгсөн зөвшөөрөл, даалгаврын дагуу газар шорооны ажил эхлүүлсэн. Энд орон сууц барихаар төлөвлөж байгаа” хэмээн ярьсан юм.
А.М.Горькийн нэрэмжит номын сантай хуучны барилгыг дахин төлөвлөлтөд хамруулах нэрийдлээр буулгаж болзошгүй талаар “Өнөөдөр” сонин одоогоос гурван жилийн өмнө анх хөндөж, хотын түүхэн дурсгалуудыг хоморголон устгах ажиллагаа эрчимтэй өрнөж буйг эхэнд дурдсанчлан нийгэм, олон нийтэд анхааруулж байлаа. Гэтэл өдгөө энэ бүхэн биеллээ олж, хотын ой санамж, унаган соёл, ахуй амьдралын гэрч болсон дурсгалт барилга “амь тавилаа”. Нийслэлийн удирдлагууд Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглээд, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг ойрын өдрүүдэд өөд уруугүй шагнаж урамшуулаад сүйд. Гэтэл үүний нөгөө талд нийслэлийн барилга, хот байгуулалтын нэгэн зууны түүх болсон дурсгалт байгууламж хотын удирдлагуудын хамар дор нь сүйдэж байна. Юутай хөндүүр, даажигналтай явдал вэ.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ажлаа авсан үеэсээ эхлээд “Нийслэлийн зүрхэн хэсэг болсон Их, Бага тойруу орчимд шинээр барилга барихыг хязгаарлаж, хотын түүхэн өнгө төрх, төлөвлөлтийг хадгална”, “Түгжрэл, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд цаашид хотын төвийн бүсэд өндөр барилга бариулахгүй”, “Улаанбаатар хотын ой санамж болсон түүх, соёлын үнэт өв, хөшөө дурсгал, барилга, байгууламжид хэн нэгэн шуналын сэдлээр хандаж, дураараа гар хүрдэг байдлыг хална” хэмээн ярьсан. Ингэж хэлсэн шүлс нь хатаагүй, цуурай нь намжаагүй байхад хотын төвд үлдсэн цөөхөн хэдхэн түүхэн барилгын нэг нь түүний нүдэн дээр устчихлаа. Хэдийгээр тухайн хэсгийг дахин төлөвлөх, суурин дээр нь барилга, байгууламж барих тухай яриа хэлцэл, тушаал, шийдвэр нь түүний өмнөх удирдлагуудын цаг үед холбогдох ч үүнийг хориглон зогсоох, эрслэн эсэргүүцэх эрх мэдэл шинэ мээрт хангалттай байв. Даанч хотын дарга энэ удаа хуруугаа ч хөдөлгөсөнгүй, хошуугаа ч нэмэрлэсэнгүй. Ингээд арктай шар байрны суурин дээр хотын төвийг эзэлсэн бас нэгэн өндөр барилга сүндэрлэх нь цаг хугацааны асуудал болов.

А.М.Горькийн номын сантай, арктай, наймдугаар касстай, 120-ын гээд үе үеийнхний өөр, өөрөөр нэрлэж ирсэн энэ түүхэн барилгын буурин дээр чухам юу барих вэ гэдэг асуултын хариулт анхаарал татаж байна. Үүнийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээс тодруулахад “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг үндэслэн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн I-VI, Сүхбаатар дүүргийн IV-VIII хорооны 240 гаруй га талбай дахь хуучин барилгуудыг нураах, дахин төлөвлөх ТЭЗҮ-ийг 2022 онд боловсруулж, баталсан байдаг. Тухайн үед энэ бүсэд 13 мянга гаруй айлын 312 орон сууцыг хамруулсан судалгаа хийсэн юм билээ. Харин өнгөрсөн онд Бага тойруу дахь ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай 72 орон сууц (2969 өрхийн)-ын барилгыг хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөх чиглэлийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр холбогдох албаныханд өгсөн. Үүний дагуу нийслэлийн Орон сууцын бодлогын болон Хяналт шалгалтын газар, Газар зохион байгуулалтын алба, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөлөл өнгөрсөн оны сүүлчээр хуралдаж, Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх, А.М.Горькийн нэрэмжит номын сантай хуучны байруудаас энэ ажлыг эхлүүлэхээр шийдсэн юм. Ингэхдээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн удаа дараагийн шийдвэр, оршин суугчдын санал, ашиглалтын үнэлгээ зэргийг ч харгалзсан” гэсэн юм. Хотын төв дэх хуучин барилгуудыг нураах ажил “арктай шар”-аар хязгаарлагдахгүй гэдгийг Газрын албаны мэргэжилтний яриа батлав. Энэ бүхэн Бага тойрууд цаашид барилгажилт эрчимжихийн дохио юм.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар эл байрны суурин дээр босгох шинэ барилгын төслийн ерөнхий төлөвлөлт, концепцыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан хамтран боловсруулжээ. Үүнд тусгаснаар бол тухайн бүсэд олон функцтэй цогцолбор буюу орон сууц, худалдаа, үйлчилгээ, соёлын төв хосолсон орчин үеийн өндөр барилга барихаар төлөвлөсөн байна. “Улаанбаатар орон сууцжуулалт”-ынхан “Төслийн хамгийн чухал хэсэг нь номын сангийн барилга. А.М.Горькийн нэрэмжит номын санг орчин үеийн стандарт, уншлагын уудам танхим, цахим сан бүхий цоо шинэ соёлын төвийн зохион байгуулалттайгаар барилгын доод давхарт буюу өмнөх байршилд байгуулахаар төлөвлөсөн” гэж онцлов. Түүнчлэн “Бага тойруу бол Улаанбаатар хотын архитектурын үнэт өв тул шинэ барилгын гаднах фасадыг хотын төвийн ерөнхий өнгө төрх, түүхэн хэв маягтай уусгах шаардлагыг архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан” гэж дурдлаа. Энэ бол олны шүүмжлэл, эсэргүүцлийг л намжаах зорилготой аргацаасан тайлбар юм. Барилгын фасадыг хотын өнгө төрхтэй уусгалаа гээд нураасан дурсгалын архитектурын хэв маяг, үнэ цэнийг нь хадгалж үлдэж чадахгүй шүү дээ. Хэрэв нийслэлийн удирдлагууд Бага тойрууг үнэхээр л хотын архитектурын үнэт өв хэмээн чухалчилдаг байсан бол тэндхийн барилгуудыг буулгах нь байтугай тоосгыг нь ч хөндөхгүй байв. Тэгэхээр энэ нь анхнаасаа дахин төлөвлөлт, барилгын чанар, ашиглалтыг сайжруулах зорилго дор халхавчилсан бизнес байх талтай. Тэнд худалдаа, үйлчилгээний зориулалттай цогцолбороос гадна автомашины ил, далд зогсоол байгуулах сураг чимээ дуулдаж эхэлсэн нь энэ хардлагыг улам лавшруулж байна.
Ерөөс сүүлийн үедманай хотын удирдлагууд газрын наймаачид, барилгын компаниудад байдгаа чөлөөлж өгдөг болсон. Хотын төв хэсэг, аль байршил сайтай газрууд дахь нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, номын сан гээд үнэ цэнтэй, байж болох бүхий л орон зайд халдаж, газраас нь хумслан зарж байна. Эцэстээ засаж, шинэчлэх, хүчитгэх, үйл ажиллагааг нь өргөтгөх, дахин төлөвлөлтөд хамруулах нэрийн дор хотын төвийнхөө амин сүнс болсон түүхэн дурсгалт байгууламжуудыг хоморголон нурааж, буурин дээр нь худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай барилга босгодог “моод” дэлгэрүүллээ. Тэр хэрээр түгжрэл, төвлөрөл ихсэж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого эсрэгээрээ хэрэгжиж байна. Одоо нураагаад буй арктай шар байрны эргэн тойрныг тогтож ажиглаарай. Дандаа худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай, сүүлийн үеийн өндөр барилгууд хэдэн талд нь сүндэрлэсэн байгаа. А.М.Горькийн нэрэмжит номын сангийн суурин дээр ч ийм нүсэр барилга авто зогсоол, соёлын төвийн өргөтгөлтэйгөөр бий болох нь.
Н.Мишээл