Сүүлийн үед залуус улсдаа хөгжүүлж буй спортын шинэ төрлүүдэд амжилт гаргах болсон. Тэднээс Монголын савлуурт дүүлэгчдийн холбоо (турник)-ны тамирчин, OУХМ Ц.Хүсэлбаяр турникээр цөөнгүй жил хичээллэж, олон улсын тэмцээнд цахиур хагалж буй. Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод өнгөрсөн сард зохион байгуулсан турникийн “Calsithenics world championship-2026” ДАШТ-д тэрбээр оролцохдоо чөлөөт үзүүлбэр (Freestyle)-ийн төрлийн хөнгөн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Монгол тамирчны бэлтгэл сургуулилалтын өндөр түвшин, ур чадвар, элементийн алдаагүй гүйцэтгэлийг тэмцээний зохион байгуулагчид онцолж, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөх хэмжээнд хүрснийг өндрөөр үнэлсэн байна. Түүний гаргасан амжилт энэ спортоор хичээллэдэг залууст урам зориг өгчээ.Тэрбээр тус тэмцээний дараа ОХУ-ын Москва хотыг зорьж, “Steel bar brothers team”-аас зохион байгуулдаг 10 дахь удаагийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд урилгаар оролцсон билээ.
-Турникийн ДАШТ-д оролцсон Монголын багаас мөнгөн медаль хүртэж, олны анхаарал татлаа. Энэ спорттой хэчнээн жил нөхөрлөж, амжилт гаргав?
-Би Орхон аймагт төрж өссөн. Одоо 24 настай. Монголын савлуурт дүүлэгчдийн холбооны тэргүүнээр ажиллахын зэрэгцээ улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд оролцдог. Хүмүүсийн түгээмэл ярьдгаар турник бол орос үг. Монголоор оноож нэрлэсэн нэр одоогоор байхгүй ч утгачилбал савлуур гэсэн утгатай юм билээ. Тиймээс холбоогоо Монголын савлуурт дүүлэгчдийн холбоо гэж нэрлэсэн. Надаас өмнө манай дээд үеийнхэн холбоо байгуулж, нэг хэсэг үйл ажиллагаа явуулсан ч таван жилийн өмнө зогсоосон юм билээ. Түүнээс хойш У.Саранмөнх эгчтэй хамтран уг холбоог байгуулж, дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд турникийн спортоор хичээллээд найман жил болжээ. ДАШТ-д хоёр дахь удаагаа ур чадвараа сорилоо. Болгар улсад өнгөрсөн жил болсон тэмцээнд холбооныхоо дөрвөн тамирчинтай анх өрсөлдсөн бол энэ удаа зургуулаа Латви улсын Рига хотод хөл тавьсан. Багийнхнаасаа би мөнгөн медаль хүртэж, хоёр нь IV байр эзлэн чамлахааргүй амжилт гаргасан гэж бодож байна. Энэ мэтчилэн тэмцээнээс тэмцээнд оролцохдоо туршлага хуримтуулж, ажиглан харж, судалж мэдсэн зүйл их. Улс бүрийн тамирчид өөрийн гэсэн онцлогтой. Турникийн спорт хүчний болон эргэлтийн элементтэй. Монголчууд хүчний элементээр бусад орны орлогчдоос арай дутмаг байдаг ч эргэлтийн элементүүдийг гүйцэтгэхдээ илүүрхдэг. Үүнийг энэ удаа сайн анзаарлаа. Гэхдээ бид дутуугаа давуу талаараа нөхөхийг хичээсэн. Манайхан хурд, хүч дээрээ өмнөхөөсөө илүү ажиллавал ямар ч орны тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх боломжтой. Монголын багийн зургаан тамирчны гурав нь ДАШТ-д анх оролцсон тул сүрдэж сандарсан тал бий. Тэднээс нэг нь суниалт, тав нь чөлөөт үзүүлбэрийн төрөлд өрсөлдсөн. Латви улс манайхаас таван цагийн зөрүүтэй. Тэмцээн Монголын цагаар үүрийн 4-5 цагийн үед болоход турникээр хичээллэдэг залуус цуглаж, ДАШТ-д оролцсон тамирчдаа дэмжиж үзсэн. Намайг медаль хүртэх өдөр бөөн баяр болж, бэлтгэл сургуулилалт хийдэг заал хүнээр дүүрсэн байв.
-Дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, медалийн тавцанд зогсоход хамгийн түрүүнд ямар бодол төрсөн бол?
-Олны итгэл, найдлага тавих нь надад нэг их чухал санагддаггүй. Энэ нь нэг талаар сэтгэл зүйд ачаалал өгч, дарамт болдог талтай. Миний хувьд өөртэйгөө л ажилладаг. Тамирчдад тэмцээний үед олон зүйл тохиолддог. Тухайн өдрийн аз од, бие, сэтгэл зүйн байдал, ямар өрсөлдөгчтэй таарах бол гээд нөхцөл байдлыг тааварлашгүй. Боломж, бололцоо байвал амжилтаа ахиулна. Хэрэв чадахгүй бол зорилгынхоо төлөө дахин хөдөлмөрлөнө. Юм нэгээр дуусахгүй шүү дээ. Түүнээс биш заавал амжилт гаргах ёстой гэж хүчилж, хүнд бодлоор өөрийгөө ачааллах шаардлагагүй гэж боддог. Надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн мөч бол медаль авахын өмнөх өрсөлдөөн. Тэр дундаа финалд шалгаран шилдгүүдтэй өрсөлдөж, өөрийн чөлөөт үзүүлбэрээ алдахгүй гүйцэтгэн, хийж чадах бүх зүйлээ харуулсан агшин байлаа. Тэр үед найман жил тууштай хичээсэн хөдөлмөр минь их бодогдсон. Чөлөөт үзүүлбэрийн төрлийн хөнгөн жинд надтай өрсөлдсөн оролцогчдоос Финландын тамирчин Саму Кононен алт, Бельгийн Томас Ансотте хүрэл медаль хүртсэн бол Монголоос Н.Анхбаяр IV байрт шалгарсан юм. ДАШТ зохион байгуулсан Латви улсын цаг агаар, уур амьсгал манайхтай төстэй сэрүүвтэр байсан нь бидэнд их таалагдсан. Тэнд байх хугацаандаа нам гүм, тайван орчныг мэдэрч, цээж дүүрэн амьсгалахад хүртэл тааламжтай байлаа. Тус орны иргэд нь өндөр, биерхүү харагдсан. Бид наашаа буцахын өмнө Рига хотын хөгжилтэй танилцахад сайхан санагдсан шүү.
-Зөвхөн цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний байгууллагын алба хаагчид ажлынхаа онцлогоос хамаарч, турник дээр дасгал хийдэг гэсэн ойлголттой байсан. Тэгвэл одооноос спортын нэг төрөл болон хөгжиж, мэргэжлийн тамирчдын баг олон улсын тэмцээнд амжилт гаргах болсныг харлаа шүү дээ.
-Би ахлах ангийн сурагч байхдаа спорт, тэмцээн гэдэг талаас нь бус, зүгээр сонирхолдоо хөтлөгдөж, турникээр хичээллэсэн. Тухайн үед энэ талаарх мэдлэг, мэдээлэл хомс байв. Сургуулийнхаа гадаах турник дээр хичээл эхлэхээс хэдэн минутын өмнө дасгал хөдөлгөөн хийж, тарсны дараа дахин үргэлжлүүлдэг сэн. Аав, өвөөгийн залуудаа бэхэлгээтэй сонс эргэх, гар могой, хөл могой зэрэг анхан шатны сурахад хялбар элементүүдийг хийдэг байв. Нэг өдөр ютүүб дээрх ДАШТ-ий бичлэг үзсэнээс хойш судлан олон оронд тэмцээн зохион байгуулдаг болохыг нь мэдсэн юм. Тэр цагаас турникт сэтгэл татагдах болсон юм. Өнгөрсөн жилүүдэд дотооддоо болсон тэмцээнүүдэд оролцдог байлаа.
-Миний ажигласнаар бол залуусын сонирхлыг турникийн чөлөөт үзүүлбэрийн төрөл илүү татдаг нь анзаарагдсан.
-Турникийн спортод насны хязгаар байдаггүй. Биеэ хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс суниалтын төрлөөр хичээллэдэг. Тэгвэл чөлөөт үзүүлбэрийн төрөл нь сонирхолтой хэрнээ эрсдэлтэй, үзүүштэй учраас монгол залуусын анхаарлыг их татдаг. Тэд бүр дурлаж хичээллэдэг. Турник тасралтгүй хөгжиж буй спорт. Дэлхийн аль нэг оронд, ямар нэг тамирчин элементүүдийг зохиож л байгаа. Тиймээс энэ элементийг заавал ингэж гүйцэтгэх ёстой гэсэн дүрэм байхгүй. Тухайн тамирчин өөрийн онцлог, хэв маягт тааруулан хүссэнээрээ өөрчилж, баяжуулах боломжтой. Өөрийн зохиосон үзүүлбэрээ хөгжмийн аянд гүйцэтгэхдээ хамгийн өндөр оноо авах элементүүдийн байрлалыг сонгодог. Аль болох хүнд элементүүдийг хийх тусам өндөр оноо авна. Энэ нь бүжигтэй адил, хөдөлгөөн сурч цуглуулдаг гэсэн үг. Хэн сонирхолтой элементүүдийг хөгжмийн аянд цагтаа багтаж үзүүлсэн нь ялагчаар тодорно. Бид хойшдоо үзүүлбэрийнхээ элементүүдийг баяжуулах талаар ярилцаж байгаа. Тухайлбал, би нэг төрлийн элементийг гүйцэтгэхдээ тааруухан байвал нөгөө нь миний хийж чадаагүйг гүйцэтгэх жишээтэй. Тамирчин бүр сул талтай. Тиймээс өөртөө дүгнэлт хийж, сул талууд дээрээ ажиллаж эхэлсэн. ОХУ-ын Москва хотод зохион байгуулсан цомын аварга шалгаруулах “Steel brothers calisthenics cup 10” олон улсын тэмцээнд оролцохын тулд ДАШТээс ирэнгүүтээ бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Тус тэмцээнд улс тус бүрээс нэг тамирчин урилгаар оролцсон юм.
-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхож буй спортын төрлийг сайтар судалж хичээллүүлдэг болсон. Турник хэр өндөр зарлагатай спорт вэ?
-Сонирхож буй залуус өндөр зардал гаргахгүйгээр хичээллэх боломжтой. Улаанбаатар хотын дүүргүүдийн байрны гадаа турник бий. Жилийн дөрвөн улиралд ямар ч насныхан үнэгүй, хэзээ ч хичээллэж болдгоороо давуу талтай. Өвөл гэртээ хананы турник байрлуулаад дасгал хийдэг залуус байдаг. Спортын төрлүүдэд амжилт гаргахад сэтгэл, зүтгэл, чармайлт их нөлөөлнө. Турник самбаачлах ур чадварыг тухайн хүнд сайтар суулгадаг. Нэгт, агаарт эргэлдэхэд секунд ч хүрдэггүй. Хоёрт, турникээс гараа тавиад буцаагаад атгахад 50-60 доль зарцуулдаг. 0.5 секундийн хугацаа маш богино мэт санагдах ч хүний мэдрэлийн систем үүнээс ч хурдан ажилладаг.
Энэ хооронд амжилттай гүйцэтгэхэд тухайн тамирчны ур чадвараас хамаарна. Анх сурч буй тамирчин нэг, туршлагатай нь хоёр эргээд барьдаг. Онцгой өндөр түвшнийх бол гурав эргээд барина. Дөрөв эргэх хооронд техникийн жижиг алдаа гаргахад л турникээ мөргөж унах, хол шидэгдэх, цаашлаад бэртэж гэмтэх эрсдэлтэй. Тиймээс асар богино хугацаанд хүний зургаа дахь мэдрэхүйг өндөр түвшинд хөгжүүлдэг спортын төрөл юм.
-Биеийн хүчээр бэлтгэл хийдэг ч энэ нь ухааныг хөгжүүлдэг тул оюуны спорттой адил гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Турникээр хичээллэхэд нэг элемент хийдэггүй. Хөгжмийн аянд зохиомж болгож баяжуулаад гүйцэтгэх нь экстрим спортыг ч харуулдаг. Тэмцээн, бэлтгэлийн үед олон саадтай тулгарах энүүхэнд. Гарын арьс зулгарах, зөөлөн эдийн гэмтэл авах тохиолдол байдаг болохоор эрсдэл, давуу талын аль алийг нь сайтар тооцоолох нь зүйтэй. Турникийн спортод эргэлтийн 10, барилтын зургаа, уналт гээд нэг минутад 20 гаруй элемент гүйцэтгэдэг. Үүнээс нэг элементийг сурахын тулд хэдэн мянган удаа оролдож давтана. Миний хувьд нэг минутын үзүүлбэр гүйцэтгэхэд ойролцоогоор 20 элемент сурах гэж хэдэн мянган удаа хийснээ санахгүй байна. Элементийнхээ түвшнээс хамаараад заримыг нь гурван сар сурсан удаатай. Хүндрэлтэйг нь хагас, цаашлаад 4-5 жил өөрийнх болтол эзэмшихийн тулд сурдаг. Тухайн элементийг сурах гэж хоёр их сургууль төгссөн шиг цаг хугацаа зарцуулдаг. Тамирчид ДАШТ-д нэг элементийг хэдхэн секундэд алдаагүй төгс гүйцэтгэж харуулахын тулд маш их хөдөлмөрлөдөг юм.
-Таныг гадаад, дотоодын тэмцээнд оролцохын хажуугаар дасгалжуулагчаар ажилладаг гэж сонссон. Холбоогоо удирдах, тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэх гээд ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Холбоо байгуулснаас хойш сүүлийн гурван жил өөрийн бэлтгэлээс гадна турникээр хичээллэх сонирхолтой 10-17 насны хүүхэд, залуусыг дасгалжуулж байна. Бүх техник, элементүүдийг харж, судлаад өөрөө биеэр хийж, сурсны дараа хүүхдүүдэд зааж, туршлагаасаа хуваалцдаг. Хүн насаараа суралцдаг гэдэг дээ. Суралцах тусам хоол зүй, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилалт, тэмцээний ачаалал даах чадвар гэх зэргээр олон талын мэдлэг хуримтлуулдаг. Спорт ихэнхдээ ашгийн бус байдаг тул сэтгэлтэй, зүтгэлтэй нь урагшлуулан цааш хөгжүүлдэг. Турникийг зөвхөн өөрийнхөө төлөө хөгжүүлэх бус, хүмүүсийг идэвхтэй амьдралын хэв дадалтай болгохыг зорьж ажилладаг. Турник нас харгалздаггүй тул хүүхэд, залуус, хөгшид гэлтгүй бүх нийтээрээ хичээллэх боломжтой.
Би гэрийнхнээсээ ганцаараа спортоор хичээллэдэг. Завгүй ажиллахад заримдаа хоногийн 24 цаг хүрэлцэхгүй санагддаг. Сар, улиралдаа холбооны олныг хамарсан арга хэмжээнд оролцохоос гадна жилдээ хоёр удаа олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр хилийн дээс алхдаг юм. Миний ажил, амьдрал, зорилго спорттой холбоотой. Өнгөрсөн жилүүдэд шантармаар зүйлүүдтэй тулгарсан ч болих талаар бодож байгаагүй. Өнөөдөр хэцүү, барахааргүй мэт бодогдовч маргааш чадна гээд хичээдэг байсан. Спортод зориг, зорилготой байж амжилтад хүрнэ. Өнөөгийн хүүхэд, залууст сурах, судлах, зорьж буй зүйлээ хэрэгжүүлэхэд бүх зүйл нээлттэй байна.