Намрын налгар өдрүүдэд соёл, урлагийн арга хэмжээнүүд ар араасаа хөвөрсөөр нийслэлийн үдшийг дуу хуураар чимж байна. Иймд уншигчдадаа зориулан ойрын өдрүүдэд болох онцлох арга хэмжээнүүдийг багцлан хүргэе.
“FEMININE-2026” МАРГААШ БОЛНО
Охид, бүсгүйчүүдийн дурсамжийг сэргээж, сэтгэлд хоногшсон хит дуунуудыг нэгэн тайзнаа эгшиглүүлэх “Feminine-2026” тоглолт маргааш болно. Энэхүү тоглолт нь зөвхөн эмэгтэй уран бүтээлчдийг нэгтгэснээрээ онцлог бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь ягаан өнгөөр чимэглэсэн аж. Ягаан үдэш концепцтой энэхүү тоглолтод Ардын жүжигчин Т.Ариунаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг, К.Номинжин, “Gala”, “Extacy”, “Honeymoon”, “Wasabies” хамтлаг болон бусад уран бүтээлч оролцож, үгийг нь марталгүй даган дуулдаг хит дуунуудаа үзэгчдэд хүргэх юм. “Feminine-2026” тоглолтын тасалбарыг эгнээ, байршлаас нь хамаараад 69-500 мянган төгрөгөөр борлуулж байна.
АНИМЭЙШНИЙ ЕРТӨНЦӨӨР АЯЛААРАЙ
Дэлхийн шилдэг анимэйшн хэрхэн бүтдэг нууцыг мэргэжлийн уран бүтээлчдээс нь сонсож, гадаад, дотоодын сонирхолтой бүтээлүүдийг нэг дор үзэх боломжийг “АНИМО 2026” фестиваль энэ амралтын өдрүүдэд олгоно. “Let’s сonnect, Let’s сreate” уриатай тус фестиваль нь анимэйшн, косплей, дижитал арт, комик, манга болон видео тоглоомын чиглэлээр ажилладаг салбарын мэргэжилтнүүд, сонирхогчдыг нэг дор цуглуулж буйгаараа давуу талтай. Хоёр өдрийн турш үргэлжлэх эл арга хэмжээний хүрээнд залуу уран бүтээлчид ур чадвараа сорих, туршлага судлах, бүтээлээ нийтэд танилцуулах боломжтой бөгөөд салбарын шилдэг анимэйшн, дижитал бүтээлийг шалгаруулах ёслол ч болно. Фестивалийн үеэр олон улсын түвшний дижитал арт, комик бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээс гадна уран бүтээлчид өөрсдийн бүтээсэн art toy, чимэглэл болон хязгаарлагдмал тоотой бүтээгдэхүүнээ танилцуулах гэнэ. Түүнчлэн косплей сонирхогчдын уралдаан, шог зургийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм байна.
“NOMADIC BALLET”-ЫНХАН 10 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА
“Nomadic ballet” продакшныг үүсгэн байгуулсны 10 жилийн ойд зориулсан “Grandeur” контемпорари балетын тоглолт энэ сарын 11-нд 19.00 цагт “Ug palace event hall”-д болно. Энэхүү тоглолт нь сонгодог балетын нарийн техник, контемпорари бүжгийн чөлөөт хөдөлгөөн болон тайзны орчин үеийн шийдлийг нэгтгэснээрээ онцлогтой. Тус тоглолтоор сонгодог болон контемпорари бүжгийн илэрхийллийг хослуулсан шинэлэг дэглэлтүүдийг үзүүлэх юм. Мөн хайр дурлал, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцааны гүн гүнзгий сэдвүүдийг хөдөлгөөн, хөгжмөөр илэрхийлэн харуулна. Сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиомж, амьд хийлийн гоцлол, мюзиклийн дуун дээр тусгайлан дэглэсэн бүтээлүүдийг толилуулах аж. “Grandeur” тоглолтын тасалбарыг эгнээ, байршлаас нь шалтгаалан 60-800 мянган төгрөгөөр худалдаж буй.
У.Цэцэг