ГБХНХЯ-ныхан БНСУ-д ажлын айлчлал хийж буй бөгөөд энэ үеэрээ тус улсын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдад албан хүсэлт тавьснаа мэдээлэв. Хоёр улсын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох гэрээний дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2004 онд байгуулжээ. Харин энэ оны долоодугаар сард уг санамж бичгийг шинэчлэн үзэглэж, хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байдаг. Тэгвэл энэ удаад БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллахыг манай тал хүсжээ.
Өмнөд Солонгост манай улсын 60 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч, сурч буй бөгөөд тэдгээрийн олонх нь хөдөлмөрийн идэвхтэй насныхан байна. Үүний зэрэгцээ хүүхэд, гэр бүлтэй иргэдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр өрхийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдарч буй нь салалтын нэг шалтгаан болж, хүүхдүү дийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж байгааг албаныхан онцолсон юм. Мөн тэдний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалал, даатгалын үйлчилгээний хэрэгцээ жил бүр өсөж буй учраас талууд цаашдын хамтын ажиллагаагаа энэ чиглэлд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.