НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг манай улс өнгөрсөн сарын 17-28-нд зохион байгуулсан. Хурлын үр дүн, энэ үеэр татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон холбогдох албаныхан өчигдөр мэдээллээ. Тэрбээр “COP17 хурлын хугацаанд ногоон төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулсан болон зарласан гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл Монгол Улсад нийт 1.4 тэрбум ам.доллар буюу таван их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулах боломж бүрдэж, амлалтыг нь авлаа. Энэхүү санхүүжилтээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 400 сая ам.долларын хамтын ажиллагаа эхлүүлэх боломж бүрдсэн. Эдгээр нь дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх ажил юм” гэв.
Мөн хурлын үеэр дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амласнаас томоохон хэсгийг манай улсаас санаачилсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” эзэлж буй аж. Үүний хү рээнд эко системийн 45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Түүнчлэн ган гачгийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд усны нөөц, газар тариалан, хөдөө аж ахуй, нөхөн сэргээлт болон ганд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх чиглэлд 400 сая хүртэлх ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөсөн байна. Үүнтэй уялдуулан бэлчээр болон газрын нөхөн сэргээлтийн төслийг санхүүжүүлэх 1.3 тэрбум ам.долларын багцыг 23 улсад хэрэгжүүлэх гэнэ.
Э.Сүйлэн