Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)- ийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Сүхбаатар аймгийн Байгаль орчны газартай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд хийх гол ажил нь Баяндэлгэр, Онгон сумд орон нутгийн тусгай хамгаалалттай газар шинээр байгуулах бол цаашдаа бүс нутгийн хэмжээнд тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн хэмжээг нэмэгдүүлэх, менежментийг нь сайжруулах, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлд түлхүү анхаарах нь. Мөн хулангийн тархац, нүүдэл, шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг хамгаалж, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Манай улс 2030 он гэхэд газар нутаг дэвсгэрийнхээ 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлээд буй. Үүнд хүрэхэд орон зайн төлөвлөлт болон үр дүнтэй менежмент чухал гэдгийг дээрх олон улсын байгууллагынхан онцолж байна.