Монгол Улс, Японы Ямагата муж хооронд хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус мужийн төр, хувийн хэвшил, боловсрол, бизнес болон хэвлэл мэдээллийн салбарын 130 орчим төлөөлөгч манай улсад энэ сарын 5-9-нд айлчилж буй бөгөөд ЯмагатаУлаанбаатар чиглэлд анх удаа тусгай үүргийн шууд нислэг үйлдсэнээрээ онцлогтой.
Айлчлалын үеэр эл мужийн “Yamagata shimbun” сонинтой Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, “Yamagata broadcasting” компанитай “25 дугаар суваг” телевиз хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. “Yamagata broadcasting” компанийн ерөнхийлөгч Масаёши Итагаки “Бид Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ Японоос Монголд суугаа Элчин сайдын яаманд уламжилснаар дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбогдсон. Санамж бичгийн гол зорилго нь талууд мэдээлэл, туршлага солилцох замаар гадаад харилцаагаа тэлэхэд оршино. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл солилцсоноор иргэдэд нөгөө орныхоо талаар бодит, үнэн зөв мэдээлэл хүргэж, цаашдын хамтын ажиллагааны суурийг бэхжүүлнэ. Ингэхдээ боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа” хэмээв.
Мөн айлчлалын хүрээнд Ямагата мужийн хоол хүнс, боловсрол, соёл, аялал жуулчлалын онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэлээ. Үзэсгэлэнд оролцсон компаниуд Японоос авчирсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээрээ хоол бэлтгэн нийтэд танилцуулсан юм. Тухайлбал, Ямагата мужийн алдарт үхрийн мах, намрын уламжлалт төмстэй шөл (имони), рамен, соба, будааны жигнэмэг, төрөл бүрийн амттан болон сакэ зэрэг орон нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг дээжлэн амтлуулав.
У.Сүрэн