Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэг өдүүлсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж, цагдан хориод буй билээ. Тэрбээр Монгол Улс, Чингис хаанаа үгүйсгэн, ярилцлага өгч, “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монгол чуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй. Хятад дэлхийг эзэлж байна, харьяат нь болох хэрэгтэй” хэмээсэн нь эрүүгийн хэрэгт шалгах үндэслэл болсон. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан үйлдлийг зохион байгуулсан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан. Улмаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн энэ сарын 2-ны 2026/3009/ЭХ/ШЗ/006161 дугаартай захирамжийн дагуу 30 хоног цагдан хорьсон юм. Түүнийг “оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж шүүгч дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Уг захирамжийг С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нар эс зөвшөөрч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргажээ. Уг гомдлыг өчигдөр хянан хэлэлцээд С.Молор-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны байх шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.