УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний яам (ЭХЯ)-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр Говийн бүсэд 600 МВт-ын нар, салхины эрчим хүчний үүсгүүр барих, улмаар “Оюутолгой” компанийг дотоодын цахилгаанаар хангах сонгон шалгаруулалтыг шүүмжиллээ. Тодруулбал, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа хүчин чадлыг нь заавал дурдах Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн заалтыг зөрчсөн, мэдээллийг хүртээмжтэй тараагаагүй, нууцаар тендер зарласан зэргийг онцлов.
Түүнчлэн сонгон шалгаруулалтыг салбарын яамныхаа шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, тооцоо, судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулаагүй гэсэн юм. Мөн хамгийн ноцтой нь 600 МВт буюу жилд 1.7 тэрбум кВт/цаг үйлдвэрлэх нар, салхин станцыг говьд барих нөөцгүй тул урд хөршийн системтэй холбогдохоос аргагүйд хүрнэ. Үүнээс улбаалан зүүн бүсийн аймгууд хятадын эрчим хүчний системээс бүрэн хараат болох эрсдэлтэйг дурдав.
С.Дулам