Дэлхийн хотууд өндөр шилэн барилга, асфальтан зам, орчин үеийн дэд бүтцээрээ өрсөлдөж, өнгө төрх нь улам бүр адилсаж байна. Харин тухайн хотыг бусдаас ялгаж, дахин давтагдашгүй онцлогийг нь хадгалж үлддэг зүйл бол түүний түүх, соёлын ой санамж болсон хөшөө дурсгалууд билээ. Тэдгээрийн цаана тухайн ард түмний туулсан замнал, эрхэмлэж ирсэн үнэт зүйл, оюун санааны ертөнц оршин байдаг. Тиймээс хөшөө дурсгал нь зөвхөн хэн нэгэн хүн, эсвэл түүхэн үйл явдлыг сануулах хэрэгсэл бус, тухайн үндэстний соёл, уламжлал, сэтгэлгээний онцлогийг тольдох цонх юм. Өөрөөр хэлбэл, бидний хажуугаар нь анзааралгүй өнгөрдөг чулуун баримал, дурсгалт байгууламж бүр ирээдүй хойчдоо үлдээх хотын түүхийн салшгүй нэгэн хэсэг гэсэн үг.
Тиймдээ ч олон оронд түүхэн дурсгалт газруудаа үндэсний өв хэмээн дээдэлж, орчин үеийн хот байгуулалттайгаа уялдуулан хамгаалдаг. Тэдний хандлагыг хоёрхон жишээгээр төсөөлөөд үзье. АНУ-ын нийслэлд сүндэрлэх Жорж Вашингтоны хөшөө нэг л өдөр ор сураггүй алга болчихвол америкчууд гайхаж, бухимдах нь лавтай. Эсвэл Парисын төв дэх Мольерийн нэрэмжит усан оргилуурын дэргэд бичил зах байгуулж, рекламын самбараар “хучиж”, өнгө үзэмжийг нь үгүй хийвэл францчууд хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Вашингтоны “National mall” болон түүний орчимд 60 гаруй хөшөө, дурсгал байдаг бөгөөд АНУын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба тэдгээрийг нэгдсэн тогтолцоогоор хамгаалж, арчилдаг. Парист ч мөн түүхэн дурсгалуудыг хүрээлэн буй орчинтой цогцоор нь хамгаалж, орчны зохицлыг алдагдуулах аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог аж.
Гэтэл Улаанбаатарт байдал эсрэгээрээ. Албан мэдээллээр нийслэлд түүх, соёлын ач холбогдолтой 170 орчим хөшөө, дурсгал бий. Үүнээс нийслэл, дүүргийн хамгаалалтад авсан, мэдээллийн самбар бүхий 150 орчим хөшөө, дурсгалт байгууламж байгаа ч тэдгээрийг тогтмол арчилж, хамгаалах нь ховор. Баяр ёслолын үеэр л дарга нар очиж, цэцэг өргөн, камерын өмнө хүндэтгэл үзүүлэхээс бусад үед тэдгээр дурсгал олны анхаарлаас хол орхигддог. Шороо тоос, шувууны сангасанд дарагдсан хөшөө цөөнгүй. Бүр заримыг нь шөнө дөлөөр зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн тохиолдол ч гарсан.
Угтаа Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон нийслэлийн ИТХ-ын 2010 оны 55 дугаар тогтоолоор баталсан Нийслэлд хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журамд түүх, соёлын дурсгалт зүйлийг асарч хамгаалах, хадгалах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтныг тодорхой заасан байдаг. Нийслэл, дүүргийн Засаг дарга болон тэдгээрийн харьяа Соёл, урлагийн газар, тохижилтын байгууллага нутаг дэвсгэртээ байгаа хөшөө дурсгалыг бүртгэх, хадгалах, хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Мөн хот төлөвлөлт, хяналт шалгалтын байгууллагууд дурсгалт газрын орчны бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, сурталчилгааны самбар байрлуулах зэрэг үйлдлээс сэргийлэх учиртай ч бодит байдалд энэ үүргээ биелүүлэхгүй байна.
Нийслэлээс жил бүр хэдэн тэрбум төгрөгөөр ухаалаг, өндөр нарийвчлалтай хяналтын камер суулгаснаа гайхан сурталчилдаг. Гэвч яг хотын төвд, олны нү дэн дээр оршин буй төр, нийгмийн нэрт зүтгэлтний хөшөөг шөнө дөлөөр зөвшөөрөлгүй ачиж явахад өнөөх “ид шид”-тэй камерууд “унтаж” байдаг нь хачирхалтай. Гадаадын хотуудад төсөөлөхөд ч бэрх энэ зүйл манайд бол энгийн үзэгдэл болжээ.
НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР Л ТОРГОСОН ГЭВ ҮҮ
Үүний тод жишээ бол Ардчилсан хувьсгалыг үндэслэгч С.Зориг агсны хөшөө юм. Түүний хөшөөг Төв шуудангийн урд талбайгаас өнгөрсөн долоодугаар сард зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар буцаан байрлуулсан билээ. Гэтэл энэ дуулиан намжаагүй байхад “Монос” компани “Back to school” аяныхаа хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг, их зохиолч Д.Нацагдорж, яруу найрагч Б.Явуухулан нарын хөшөөний тавцан дээр хүүхдийн баримал байршуулж, сурталчилгаандаа ашиглаж орхив.
Борлуулалт, ашиг орлогоо л нэмэгдүүлж байвал түүхэн хүний дурсгал, уран бүтээлчийн зохиомж, нийслэлийн дүрэм журам тэдэнд огт хамаагүйг ганцхан эл жишээнээс харж болно. Угтаа энэ нь Нийслэлд хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журмын 2.1, 2.2 дахь заалтыг зөрчсөнөөс гадна Зохиогчийн эрхийн тухай хуулийг уландаа гишгэсэн явдал юм. Гэтэл хотын удирдлагууд журам зөрчсөн энэ мэт үйлдэлд дорвитой хариуцлага тооцохын оронд “Баримлуудыг албадан шилжүүлэх мэдэгдэл хүргүүлж, нэг сая төгрөгөөр торгосон” гэх тайлбараар аргацаасаар өнөөдрийг хүрэв. Ашиг орлого хөөсөн компаниудад нэг сая төгрөгийн торгууль дарамт болох нь юу л бол. Түүхэн өвд халдсан зөрчил давтагдсаар байгаа нь нийслэлийн захиргааны байгууллагуудын хяналт, зохицуулалт ямар хангалтгүй байгааг нотолсон бас нэгэн жишээ боллоо.
Түүнчлэн энэ бол зөвхөн түүхэн ой санамжид халдсан хэрэг бус, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн үйлдэл юм. Хөшөө дурсгал бол зөвшөөрөл аваад л босгодог зүйл биш гэдгийг жаахан хүүхэд ч мэднэ. Үүний цаана тухайн уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөр, дахин давтагдашгүй зохиомж байдаг. Үндсэндээ зөвшөөрөлгүйгээр өөр баримал байршуулах, эсвэл хэлбэр дүрсийг нь өөрчлөх, бизнесийн маркетингдаа ашиглах нь оюуны өмчийг доромжилж буйтай агаар нэг.
ХУУЧНАА ТОРДОЖ ЧАДАХГҮЙ АТЛАА ШИНИЙГ БОСГОСООР
Хачирхалтай нь, бид байгаа хөшөөнүүдээ бүрэн хамгаалж, тордож чадахгүй атлаа шинээр дурсгал босгохдоо гар татдаггүй. Нийслэлийн хаа нэгтээ шинэ хөшөө, баримал сүндэрлэх бүрд түүнийг ямар шалгуураар сонгосон, уран сайхны үнэ цэн нь юу вэ гэхээс илүүтэйгээр хэний нэрэмжит баримал вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулдаг. Өөрөөр хэлбэл, хамаг мөнгөө хөшөө босгоход үрдэг атлаа урсгал засвар, арчилгаанд нэг ч төгрөг төсөвлөдөггүй гаж тогтолцоотой.
Гэтэл хөшөө босгоно гэдэг зөвхөн хөрөнгө гаргаж, хэн нэгнээр баримал хийлгэхийн нэр биш. Хотын орон зайд олон арван, магадгүй хэдэн зуун жилээр оршин тогтнох бүтээлийг ямар шалгуураар сонгож буйгаа нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, түүхэн ач холбогдол, уран сайхны шийдэл, орчинтойгоо хэр зохицох, ирээдүйд энэ бүтээл хотын дүр төрхөд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг нь ядаж бодолцох учиртай.
Өнөөдөр босгосон хөшөө маргаашийн түүхийн нэгээхэн хэсэг болно. Энэ утгаараа шинээр хөшөө босгох шийдвэр нь хуучнаа хамгаалахтай адил өндөр хариуцлага шаарддаг аж. Хөшөө дурсгал олширлоо гээд тухайн хотын түүх зузаар чихгүй. Харин ямар түүхийг хадгалж, юуг хойч үедээ үлдээхээ ухамсартайгаар сонгож чадсан хот л өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө төрхтэй үлдэнэ.
Түүхэн өвдөө хайнга ханддаг нийгэм ирээдүйгээ ч мөн баримжаагүй төлөвлөдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Иймд соёлын өв, хөшөө дурсгалаа хамгаалж үлдэхийн тулд эрх зүйн баталгаа, хариуцлагын тогтолцоог нэн даруй чангатгах шаардлагатай байна. Тухайлбал, холбогдох журам болон Зөрчлийн тухай хуульд өөрч лөлт оруулж, түүхэн дурсгалыг арилжааны зорилгоор хууль бусаар ашигласан, зөвшөөрөлгүй хөндсөн байгууллагуудад олсон ашгаас нь давсан торгууль ногдуулдаг болох хэрэгтэй. Мөн шөнө дөлөөр хөшөө дурсгал нүүлгэн шилжүүлж байхад анзаараагүй, үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог зарчимд шилжих нь чухал. Төр хяналтаа сайжруулахын сацуу иргэд ч соёлтой байж, хөшөө дурсгалыг сараачих, эвдэх, зүй бусаар ашиглахгүй байх учиртай. Хөшөө дурсгал бол ердийн нэг хотын чимэглэл биш, өнгөрсөн үеэс бидэнд үлдээсэн өв, ирээдүйд бидний тухай өгүүлэх түүх билээ.