Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албан хаагч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллажээ. Тус төвийг 2019 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу 30 сая ам.долларын санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл өдий хүртэл буюу долоон жилийн тараа тус барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа аж. Мөн зөөврийн устай, бохироо соруулдаг нөхцөл байдал хэвээр.
Энэ талаар дээрх яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал уржигдар болсон УИХ-ын байнгын хорооны хурлын үеэр хөндсөн юм. Тэрбээр “Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв найман төрлийн сэргээн засах үйлчилгээг амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх байдлаар үзүүлдэг юм байна. Гэтэл энэ байгууллагыг Улсын комисс ч хүлээн аваагүй. БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар барьсан хэр нь өнөөдрийг хүртэл зөөврийн устай, бохироо соруулдаг байдалтай байгаа. Аж ахуй талаасаа шийдвэрлэх шаардлагатай зүйлс цөөнгүй. Байгууллагын удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн” гэв.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 15 мянга орчим хүүхэд бий. Тэдэнд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх зорилготой тус төв ийм байдалтай олон жил болсон ч салбарын яамнаас эхлээд тордоод авахын оронд үл тоосоор өдий хүрчээ. Байгууллагын даргыг нь ч байсхийгээд л сольчихдог. Өдгөө түр орлон гүйцэтгэгч ажиллаж буй бөгөөд даргын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан гэнэ.
Ч.Туяа