УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн явц, уур амьсгалаас харахад сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах байр сууриа хадгалж, МАН доторх Л.Оюун-Эрдэнийн талынхан ч хөдөлгөөнд нэгдэх дүр зураг анзаарагдана. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд л Н.Учралд хариуцлага тооцохоо мэдэгдэж, намын даргынхаа албан бланкан дээр гарын үсэг цуглуулсан. Тэд ээлжит чуулганаар уг саналаа албан ёсоор өргөн барих аж. Засгийн газрыг огцруулах, эсэхийг хэлэлцэхийн тулд 32, шийдвэрийг албажуулахад 64-өөс дээш гишүүний санал хэрэгтэй. АН-ын 41 гишүүн гарын үсгээ зурсныг О.Цогтгэрэл дарга нь баталсан. Гэхдээ тэдэнд санаагаа биелүүлэхэд 23 санал дутна. Тэгвэл үүнийг Л.Оюун-Эрдэнийн цэргүүд гүйцээж мэдэх нь.
Тэд Н.Учралд Засгийн газраа бүхэлд нь огцруулах, эсвэл зарим сайдыг чөлөөлөөд танхимаа авч үлдэх гэсэн сонголт өгч буй бололтой.
ХАРИУЦЛАГА ТООЦОХ ҮНДЭСЛЭЛ
Засгийн газар байгуулагдаад таван сар гаруй болж байна. Хаврын чуулганы төгсгөлд АН-ынхан түүнийг огцруулах асуудал хөндөх үед үндэслэл нь маш бүдэг, хэт ерөнхий байсан юм. “Н.Учрал өмнөх хоёр ч Засгийн газарт ажиллаж байсан. МАН сүү лийн 10 жил төрийн эрх барьж буй. Тиймээс иргэдийн амьдрал доройтсоны хариуцлагыг энэ намын Засгийн газраас л нэхнэ” гэж байв. Харин одоо байдал өөр. Засгийн газар бараг хагас жил ажиллалаа. Энэ зуурт монголчууд юу эсийг үзэв. Геополитикийн асуудлаас үүдэн шатахууны нийлүүлэлт хэсэг тасарсан. Гэвч дайн өчигдөр биш, дөрвөн жил гаруйн өмнө эхэлсэн учраас шатахуунаа нөөцлөх, агуулах саваа бэлдэх ажлыг урьдчилж хийх санхүүгийн хангалттай боломж, цаг хугацаа МАН-д байв. Харамсалтай нь, МАН-ын аль ч Засгийн газар үүнийг хийсэнгүй. Үүний горыг бид амсаж, сар гаруйн турш шатахуунд хэдэн цагаар дугаарлаж, хязгаар хэмжээтэй балга бензин олж авч байлаа. Одоо байдал арай дээрдсэн. Гэхдээ л үнэ нь 450 төгрөгөөр өссөнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаад байна. Иргэд ийн үнийн өсөлтөд дарлуулах болов. Нэмээд Засгийн газраас гаргаж буй зарим шийдвэр иргэдийн эрхэд халдсан, амьдралгүй байгаа юм. СОР-17 олон улсын хурлаар далимдуулан автомашинаа унах эрхэд удаан хугацаагаар халдаж, тэгш, сондгой дугаараар явуулсаар байна. Өнөөх хурал нь дуусаад 10 хоночихсон байхад яагаад хязгаарлаад буйгаа хэн ч тайлбарлахгүй, иргэдийн шүүмжлэлд чихгүй мэт хандав. Энэ бүхэн бухимдлыг улам дэвэргэж буй. Нэмээд энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийн байгаа байдал гал дээр тос нэмлээ. Төсвийн тодотголд зарлагыг нэг их наядаар тэлсэн. Үнийн өсөлтийг зогсоох төлөвлөгөө батлаагүй байж цалин, тэтгэвэр нэмснээр инфляц улам л гаарна. Гэтэл үүнийг нь хэлж сануулж буй сөрөг хүчнийхнийг Ерөнхий сайд “Хэдэн ахмадынхаа тэтгэврийг нэмэхээс юундаа харамлаад байгаа юм” хэмээн загнаж сууна. Гарах сөрөг үр дагаврыг нь тэр мэдэж байгаа. Гэхдээ попрох, пиар хийхээ урдаа тавьж байна. Ирэх оны төсвийн төсөлд орлого, зарлагыг 10 их наядаар өсгөж тусгасан. Энэ бүхэн нь хоёр сар гаруйн өмнө бүрхэг байсан сөрөг хүчний хариуцлага тооцох үндэслэлийг илүү бодит болгов.
АН ДАХИН “АШИГЛУУЛАХ” УУ
Эдүгээ үүсээд буй нөхцөл байдалд зөв менежмент хийхийн оронд ирэх сонгуульд чиглэсэн пиар явуулж, иргэдэд таалагдах өнгөц хандалтад анхаарч байгааг сөрөг хүчин шүүмжилж буй нь зөв. Мөн ийм нөхцөлд Засгийн газарт хариуцлага тооцох тухай ярих нь ч гайхах зүйл биш. Гэхдээ АН цэвэр сөрөг хүчний байр сууринаас гэхээс илүү эрх баригч нам доторх “30ийн бүлэглэл”-ийн захиалгаар хөдлөөд буй юм биш биз гэсэн хардлага бий. Өмнө нь тэд нэг удаа “ашиглуулсан” юм.
“Нэг намын дарга УИХ-ыг удирдах ёсгүй” хэмээх акцаа сөрөг хүчнийхэн өнгөрсөн гуравдугаар сард гэнэт эрчимжүүлж, чуулганыг ирцээр бойкотолсон билээ. УИХ-ын дарга Н.Учрал чуулган удирдвал сөрөг хүчнийхэн суухгүй гэсэн. Ингээд хоёр долоо хоног хоёр талдаа “гү рийсэн”-ий эцэст МАН-ын Бага хурал улс төрийн шийдвэр гарган Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, залгуулаад Ерөнхий сайдаар томилж байлаа. Эндээс Л.Оюун-Эрдэнийн баг хожиж, шинэ Засгийн газарт таван сайдтай болсон. Өөрөөр хэлбэл, эрх ашгаа гүйцэлдүүлэхдээ тэрбээр АН-тай хамтарсан байх нь. Тиймээс л энэ удаа АН-ын өрнүүлэх гээд “дуншаад” буй акцыг тэдний захиалга, МАН-ын бүлэглэл дахин сөрөг хүчний гараар могой бариулах нь гэж хардах үндэслэлтэй.
АН-ын дарга О.Цогтгэрэл өдгөө БНХАУ-д айлчилж байгаа. Тэрбээр энэ сарын 14-нд ирэх аж. Ээлжит бус чуулганыг 15-нд нээнэ. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрыг огцруулах, эсэх асуудал хэрхэн өрнөх нь тодорхой болно. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ээлжит бус чуулганы үеэр Засгийн газрыг эрчимтэй шүүмжилж, хариуцлага тооцохыг ухуулсаар буй. Мөн тэрбээр “Амжилтад хүрнэ гэсэн тооцооллын үндсэн дээр л огцруулах бичгээ манай намын дарга өргөн барина” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэмэлт 23 саналаа “бат араанд” нь хийсний дараа оруулж ирнэ гэсэн үг.
“30-ИЙН БҮЛЭГ”-ИЙНХНИЙ НУУЦ УУЛЗАЛТ
МАН уг нь УИХ-д 68 гишүүнтэй. Тиймээс тэд нэг бүлэг, нэг мөрийн хөтөлбөртэй байх учиртай. Гэвч Л.Оюун-Эрдэнийнхэн өөрсдийгөө хэдийн тусгаар бүлэг гэж үздэг болчхож. “30ийн бүлэг” хэмээн нэр өгсөн байх юм. Эл бүлгийнхэн сэмхэн хуралдаж, улс орны тулгамдсан асуудлаар саналаа солилцсон тухай мэдээлэл цацагдлаа. Үүнд харьяалагддаг гишүүд бөөндөө агаарт гарч, улс орны тулгамдсан асуудал хэлэлцсэнээ үгүйсгэсэнгүй. А.Ариунзаяа гишүүн “Биднийг тансаг зэрэглэлийн амралтад уулзаж, Засгийн газрын ХЭГ-ын даргыг огцруулах тухай ярилцсан гэж зарим сайтад бичсэн байна лээ. Бид тийм зүйл огт яриагүй, хамаа ч байхгүй. Булган аймгийн Урантогоо уулын дэргэдэх энгийн амралтад амарч, намрын их ажлаас өмнө агаарт гарсан нь үнэн. УИХ-ын гишүүд учраас улс эх орноо хэрхэн хөгжүүлэх, тулгамдаж буй зарим асуудлаар саналаа солилцсон. Хамтдаа ойлголцдог хүмүүс амралтын өдрөөрөө агаарт гарсан л төдий” гэжээ. Тэдний ойлголцол нь Үндсэн хуулиа зөрчих хүртэл хүчтэй, тийм л бат бөх эрх ашигтай гэдгийг бид 2025 оны аравдугаар сард Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар улайрсан явцаас харсан билээ. Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Бид төсөв, санхүүгийн талаар л ярилцсан” гэсэн байна. Улс орны тулгамдсан асуудал гэдэгт нь Засгийн газрыг огцруулах, эсэх улс төрийн акц хийх яриа багтаагүй гэвэл итгэх хүн олон биш. Эл уулзалтад нь Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр очсон тухай мэдээлэл ч гарчээ.
Тус бүлэглэлийн нууц уулзалтын “бай” болсон Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр энэ талаар “Би иймэрхүү яриа, мэдээлэл дунд сүүлийн хоёр жилийн турш явж байна. Тиймээс гайхах зүйл алга. Шинэ мэдээлэл ч биш шүү дээ. Өнгөрсөн жил намайг огцруулахгүй бол төсөв батлахгүй гэж бойкот хийж байсан. Тиймээс цочирдохгүй байна, урагшаа хараад л явна. Намайг огцруулаад Монгол Улс амар сайхан болно гэвэл би огцроход бэлэн” гэсэн тайлбар өгсөн юм.
Дээрх бүлгийн албан ёсны бус гишүүн, ИЗНН-ын М.Нарантуяа-Нара чуулганы хуралдааны үеэр “Засгийн газрыг огцруулах улс төрийн акц өрнөж байх шиг. Миний хувьд танхимыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэхээс илүү тодорхой сайдаа чөлөөлөөсэй гэж бодож байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг чөлөөлж өгөөч” гэсэн юм.
“30-ийн бүлэг”-ийнхний нууц уулзалтын үеэр зарим сайдын нэр онцолж, огцруулах тухай хөндсөн, тэдний үнэнч найз М.НарантуяаНара гишүүний үг зэргээс харахад шүд сугалах чиглэлд улс төрийн акцаа өрнүүлж ч мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Н.Учралтай тохиролцож, зарим сайдыг солих, оронд нь дээрх бүлэглэлээс квотоо нэмэх “хэлэлцээ” хийхийг үгүйсгэхгүй. Тийм ч учраас АН-ынхан “Баттай болох цагт л огцруулах саналаа оруулна” хэмээн хүлээзнэж байж мэдэх нь.