Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.БИЛЭГТ: Зовлонгийн шалтгааныг өөрөөсөө хайж сурах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон

 

Зураач, дизайнер Э.Билэгт “Төрөлтөн” хэмээн нэрийдсэн контемпорари зураасан зургийн өрөг гэж тодотгосон үзэсгэлэнгээ Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд өнөөдөр нээж буй юм. Инстоляц буюу байршуулах урлагийг өрөг гэдэг болсон билээ. Зураг, үзмэрүүдээ өлгөж, байрлуулах бэлтгэлээ базааж байхад нь түүнтэй уулзаж, товч ярилцлаа. Энэ нь түүний гурав дахь удаагийн үзэсгэлэн юм.

 -Үсээрээ оролдож суугаа бүсгүйчүүдийн дүрслэл таны бүтээлүүдийн дунд нэлээд хэд байна. Эдгээр бүтээлээрээ ямар санаа хэлэхийг зорив? 

-Юу хийхээ мэдэхгүй, эсвэл шийдэж чадахгүй, магадгүй тулгамдсан асуудалдаа шантарсан, гарц хайгаад олохгүй байгааг ингэж илэрхийлэхийг зорьсон юм. 

-Төрөлтөн гэж хэнийг, эсвэл юуг хэлж байна вэ? 

-Хүн төрлийг олж төрсөн ч хараахан хүн болоогүй, өөрөөр хэлбэл, гэгээрээгүй гэсэн утгаар нь төрөлтөн гэж байгаа юм. Амьтнаас арай дээр гэсэн санаа. Хүмүүс тулгамдсан асуудлын бурууг, шалтгааныг өөрөөсөө бус, бусдаас хайж зүдэрдэг, үүнээсээ болж хазгай муруй гишгэдэг шүү дээ. Хэрвээ гэгээрсэн бол болохгүй байгаа бүхний шалтгааныг өөрөөсөө хайж олоод, сэтгэл санаагаа засаж төвшитгөн, зөв замаар замнана. Өөрийнхөө бий болгосон зовлонд шаналж суухын оронд асуудалд бодитой хандах ёстой. Мөн зовлонгийн шалтгааныг өөрөөсөө хайж сурах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийн зорьсон. 

-Та буддын философи судалдаг уу? 

-Бүхий л шашны талаар сонирхож уншдаг. Нэг хэсэг Соёл, антропологийн төвд сургалтад хамрагдсан юм. Шашнуудыг шинжлэх ухаан, урлаг талаас нь судалж, тайлбарласан бүтээлүүдтэй тэнд танилцахдаа их зүйл олж мэдсэн. Үзэсгэлэнгээрээ “Асуудал бусдад бус, өөрийн тань бодолд байдаг. Тиймээс аливааг бодитой харж, өөртэйгөө ажилладаг байгаарай” гэж хэлэх гэсэн юм. “Би яагаад” гэж өөрөөсөө асуугаад, түүндээ хариулж чадаад байвал тулгамдсан асуудлуудыг алхам алхмаар шийдчихэж болмоор санагддаг.