Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн энэ оны төлөвлөгөөт хяналт, шалгалтынхаа хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд гоц халдварт боом өвчний хяналтын шинжилгээ хийснээ мэдээллээ. Тэд хүнсний захуудын мах, махан бүтээгдэхүүн болон түүхий эд худалдаалдаг цэгүүдэд хяналт, шинжилгээ зохион байгуулсан аж. Шинжилгээнд “Хархорин”, “Барс II” худалдааны төв, “Хүн-Од” ХХК, мөн “Эмээлт” түүхий эд хүлээн авах цэгийг хамруулж, нийт таван төрлийн 36 сорьц материал цуглуулсан байна. Цуглуулсан сорьцуудад боомын үүсгэгч илрүүлэх лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийж байгаа бөгөөд үр дүнд нь суурилан холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгээ албаныхан хэлсэн. Түүнчлэн хяналт, шалгалтын үеэр иргэд болон худалдаа эрхлэгчдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, санамж, зурагт хуудас тараажээ. Мөн иргэдийг хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, баталгаатай эх үүсвэрээс мах, махан бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөв.
О.Оргилох