Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 18 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2027 оныхыг батлах, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг 11 асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.
2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1191 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас гүйцэтгэл нь өдгөө 85.3 хувьтай байгаа аж. Тухайлбал, газрын менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй 80 ажлын гүйцэлтгэл 91.1, газар зохион байгуулалтын 578 төслийнх 80.5 хувьтай үргэлжилж буйг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан. Мөн газар чөлөөлж, нөхөн олговор олгох 532 ажлын хэрэгжилт 84.1 хувьтайг тэрбээр нэмж мэдээлэв. Тэгвэл 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд нийт 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснийг нийслэлийн ИТХ-д өргөн барихыг дэмжжээ.
О.Оргилох