Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү гийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр М.Батчулуунд холбогдох, балчир хүүхдүүд, тэдний хөл хүндтэй ээжийн амийг бүрэлгэсэн хэргийг хаалттай хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч М.Батчулуун нь энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжинд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн орж, хөлд хүнд гэрийн эзэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Мөн гурван настай охины эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тухайн үедээ олныг цочирдуулж байсан билээ. Уг хэргийг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй, СЭМҮТ-д эмчлүүлж байгаад гарсан, хөршийнх нь 48 настай эр үйлдсэнийг цагдаагийнхан шуурхай илрүүлэн саатуулсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчид М.Батчулууны сэтгэцийг шинжлээд хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн байдаг.
Тус шүүхийн шүүгч М.Түмэннаст, С.Батжаргал, Г.Хатанцэцэг, улсын яллагч Г.Яндаг, Б.Билгүүн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сувданхуяг, Б.Төмөрчөдөр, шүүгдэгч болон хохирогчдын өмгөөлөгч нарыг оролцуулан 09.00 цагаас хэлэлцэж эхэлсэн юм. Хурал эхлэхэд хохирогчдын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнд хандан “Насанд хүрээгүй хүмүүс хохирсон хэрэг хэлэлцэх учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар хурал хаалттай үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Энэ талаар тус шүүхийн шүүгч М.Түмэннаст “Шүүгдэгч Мижиддоржийн Батчулууныг 2026 оны нэгдүгээр сарын 04-ний 08.00-10.00 орчимд Баянзүрх дүүргийн нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжны... тоотод бага насны хүүхэд болох С.А-г хоёр удаа хутгалж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг хөнөөхийг завдсан, П.Сувданхуягийн эхнэр, жирэмсэн эмэгтэй болох Б.М, мөн түүний бага насны хүүхэд болох С.А нарыг тус бүр нэг удаа хутгалж, амийг нь хохироож, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг бүрэлгэсэн” гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Батчулуун нь онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг хөнөөхийг завдсан, онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Тиймээс бага насны хүүхдийг хөнөөхийг завдсан гэмт хэрэгт нь найман жил, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийн амийг егүүтгэсэн гэмт хэрэгт бүх насаар хорих ялаар шийтгэв. Шүүгдэгч Мижиддоржийн Батчулууны бүх насаар нь хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэв.