Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин “Сэнтий” хэмээх дөрвөн боть түүхэн романаа өчигдөр уншигчдын хүртээл болголоо. “Сэнтий” түүхэн роман нь “Цагийг атгасан их хаан”, “Зарлиг үүрсэн Занабазар”, “Гал зуусан Галданбошгот”, “Тэнгэрт тэнгэр болов. Газарт газар болов” хэмээх дөрвөн ботиос бүрдэх бөгөөд XVI-XVII зууны үеийн Монголын түүхийг өгүүлэх юм байна.
Зохиолч Р.Эмүжин номын нээлтийн үеэр “XVI-XVII зууны үеийн Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй бөгөөд ээдрээтэй цаг үеийг судалж, хойч үеийнхэндээ утга зохиолын хэлээр ойлгомжтой хүргэхийг олон жил зорьсон. Энэхүү романаа бичихийн тулд 7-8 жилийн турш хөрш орнууд болон Монголынхоо олон аймгаар явж, 100 орчим түүхэн эх сурвалжийг уншиж, судаллаа. Түүнчлэн Монгол, Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНХАУын түүхчдийн тэмдэглэн үлдээсэн судалгааны бүтээлүүдтэй танилцсан. Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Галданбошигт зэрэг түүхэн хүний алдаа, оноо, үзэл санаа, эх орноо гэсэн хүсэл тэмүүллийг энэхүү дөрвөн ботидоо багтаахыг хичээлээ” хэмээв. Түүнчлэн тэрбээр шинэ бүтээлийнхээ анхны хэвлэлийн дээжийг “Чингис хаан” үндэсний музейн номын санд хандивласан юм.
У.Цэцэг