Монгол Улс 2026 оны эхний улиралд ОХУ-аас хамгийн их өндөг импортолсон орон болсныг тус улсын Хөдөө аж ахуйн экспортын төвийн тайланд мэдээлжээ. Манай улс энэ оны нэгдүгээр улиралд хойд хөршөөс нийт 1.9 сая ам.долларын үнэ бүхий өндөг импортолсон нь бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь Монголын өндөгний зах зээл дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэвээр байгааг харуулж буй юм. Оросын талын мэдээлснээр, Монгол руу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний экспорт сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт үүнд голлох байр суурь эзэлж буй аж. Үүнийг Монголын зах зээл дэх хүнсний эрэлт өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Манай улс жилд дунджаар 450-500 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 55-60 орчим хувийг л дотоодын үйлдвэрүүд нийлүүлдэг, үлдсэн хэсгийг голчлон ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Үндэсний статистикийн хорооны өмнөх оны тайланд дурдсанаар,
Монгол Улс 2025 оны эхний долоон сард гэхэд л 73.1 сая ширхэг өндөг импортолсон дүнтэй байна. “Түмэн шувуут”, “НВЦ”, “Өгөөж шувуу”, “Баян” зэрэг дотоодын томоохон үйлдвэрлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ч тэжээлийн үнэ, эрчим хүч, импортын түүхий эдийн хамаарал өндөр байгаа нь үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлж буйг салбарынхан шүүмжилдэг. Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал, стратегийн бүтээгдэхүүний хангамжийн асуудал яригдах болсон ч өндөгний зах зээл импортын хамааралтай хэвээр буй. Ялангуяа өвөл, хаврын улиралд нийлүүлэлтийн дутагдал үүсэх үед өндөгний импорт эрс нэмэгддэг нь дотоодын хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдлын асуудлыг дахин хөндсөөр байна.
Г.Сансар