АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулсан “Pacific land forces team readiness challenge” олон улсын тэмцээн энэ сарын 1-6-ны өдөр тус улсын Хавайн Оаху аралд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, АНУ, Канад, Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур гэсэн есөн орны цэргийн алба хаагчид ширэнгэн ойд хүнд бэрх олон даалгавар биелүүлж, ширүүн өрсөлдөн, аваргаа тодруулсан байна. Нийлбэр дүнгээр монгол цэргүүд дэд байр эзэлсэн бол Британийн баг тэргүүлж, гуравдугаарт АНУ-ын Зэвсэгт хүчний баг шалгарчээ. Манай улсын Зэвсэгт хүчний рэйнжир, сургагч А.Мөнгөншагай ахлагчтай баг ийн өндөр амжилт үзүүлсэн төдийгүй тэмцээний шилдэг тасгийн захирагчаар тодорсон байна. А.Мөнгөншагай нь Монгол Улсын дөрөв дэх рэйнжир, тэр дундаа анхны ахлагч рэйнжир юм. Эл тэмцээнд бүх тамирчин хүнд нөхцөлд ч сахилга бат, сэтгэл зүй, тэсвэр хатуужлаа алдалгүй өрсөлдөж, бүгд сорилыг амжилттай даван туулсныг зохион байгуулагчид онцолсон байна.