Хүүхдийн инженер, техникийн суурь боловсролыг дэмжих, бүтээлч сэтгэлгээ, логик болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Дүдү машин” улсын уралдааныг энэ сарын 8-10-нд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн тэмцээн 14 жилийн дараа болсноороо онцлогтой.
Уралдаанд 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргээс нийт 184 хүүхэд оролцож, ур ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорин өрсөлджээ. Улаан буюу 5-7 насны ангилалд нийслэлийн “Хөгжил” сургуулийн сурагч Ө.Гарьд тэргүүлсэн бол 8-10 насны шар ангилалд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Бат аварга болжээ.
Мөн ногоон буюу 11-13 насны төрөлд Говь-Алтай аймгийн усрагч Ж.Ханхонгор, цэнхэр ангилал (14-17 нас)-д Өвөрхангайн Арвайхээр сумын сургуулийн сурагч Б.Ууганбаяр нар алтан медаль хүртэв. “Дүдү машин” нь зөвхөн өрсөлдөөн бус, хүүхэд бүр өөрийгөө нээн, шинэ зүйл бүтээж, гэр бүлээрээ хамтдаа хөгжих үнэ цэнтэй аялал тул өнөө жилийн уралдааны хүрээ тэр хэрээр өргөжсөнийг зохион байгуулагчид онцолсон юм.
